Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Ипотекийн 8%-ийн зээлтэй иргэд хүүгээ 6% болгохоор цахим гарын үсэг цуглуулж байна

Ипотекийн 8%-ийн зээлтэй иргэд хүүгээ 6% болгохоор цахим гарын үсэг цуглуулж байна

Ипотекийн 8 хувийн зээлтэй иргэдийн түр хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд бол 8 хувийн хүүгээ 6 хувь болгож бууруулах хүсэлтэй иргэдийн төлөөлөл юм.

Ипотекийн 8 хувийн зээлтэй Ү.Баяр "Нийгэмд эрх тэгш байдал алдагдсан. Яагаад нэг хэсэг нь 6 хувийн хүүтэй зээлээ төлөөд, үлдсэн нь 8 хувиар төлөөд явах ёстой вэ. Хоёр хувь маш бага мэт санагдаж байгаа ч урт хугацаандаа энэ маш өндөр дүнтэй мөнгөний зөрүү юм. Хоёр хувийн зөрүүгээрээ бид үр хүүхдэдээ илүү боловсрол олговол тэдний маань ирээдүйн нийгэмд эзлэх байр суурь илүү өндөр болно.

8 хувийн хүүгээ 6 хувь болгож бууруулах хүсэлт бүхий санал асуулгыг D-Parlament дээр 100 мянган хүний гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлсэн ба дуусахад 16 хоног үлдээд байна. Тиймээс үүнийг дэмжээд ард иргэдээсээ тусламж хүсэж байна. Өчигдөр лайв мэдээлэл хийхэд олон иргэд, мөн олны танил хүмүүс дэмжсэнд талархаж байна.

Энэ нь гэр хорооллыг орон сууцжуулахад чиглэсэн их үр өгөөжтэй зээл. Харамсалтай нь 8 хувиас 6 хувьд шилжүүлэхэд хугацаа тогтоосон буюу тухайн хугацаанд хүсэлт өгч чадаагүй иргэд олон бий. Бид одоо хоёр хувиа нөхөж авах талаар яриагүй байна, үлдсэн хугацаандаа 6 хувиараа төлмөөр байна. Хамгийн багадаа бидэнд 10-15 жилийн хугацаа үлдсэн нь зөрүү хоёр хувийг нь тооцоход багагүй мөнгө хэмнэгдэж, бид түүнийгээ үр хүүхдэдээ зарцуулж болохоор байна. Ипотекийн зээлд 110 мянган өрх хамрагдсан ба үүнээс 64 мянга нь 8 хувийн зээлтэй, тиймээс тэдний хүүхдүүд хөгжих, боловсрох боломжтой" гэлээ.

Тэд олон нийтийн дэмжлэг хүссэн цахим өргөдөлдөө "2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авч буй зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон билээ.Үүнтэй холбоотойгоор орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн хүүгээ бууруулж 6 хувийн хүүтэй болгох хүсэлтэй иргэн маш олон байгаа тул энэ өргөдлийг гаргаж байна" гэсэн юм.

Улсын хэмжээнд 115 мянган өрх ипотекийн зээлээр орон сууцтай болсон ба одоогоор 70 мянга гаруй хүн ипотекийн зээл төлж байна.  Одоогоор орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд зээлийн 20 хувийг банкууд,  80 хувийг Монголбанкнаас санхүүжүүлж байна.

2023 онд зээлийн эргэн төлөлтөөр 550 тэрбум төгрөг орж ирэх ба үүнийг дараагийн санхүүжилт болгон зарцуулна. Ипотекийн зээлийн санхүүгийн эх үүсвэр хүрэлцээгүй байгаа тул хүссэн иргэд материалаа өгсөн ч хүлээлт их байгаа аж.

Монголбанк нь хуулийн хүрээнд ямар нэг төсөл хөтөлбөр санхүүжүүлэх үүрэггүй тул ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх нь зөв гэж үздэг. Одоогийн байдлаар энэ хөтөлбөрт 4.6 их наяд төгрөг зарцуулаад байгаагийн 3.6 их наяд нь Төв банкны, нэг их наяд нь банкуудын мөнгө юм.

Эх сурвалж. Gogo.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)