Төлбөртэй бүс тогтоох эсэхийг НИТХ шийдэх бөгөөд 0-27,000 төгрөг байна
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хууль болон дагалдах 30 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийг өнөөдөр Засгийн газраас УИХ-д өргөн барьж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Уг хуулийн төсөл нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах захиргааны шинжтэй эрх хэмжээг НИТХ, Нийслэлийн Засаг даргад олгох, гэр хорооллыг орон сууцжуулахад шаардлагатай эрх зүйн орчин, газар чөлөөлөлттэй холбоотой асуудлуудыг зохицуулна. Хуулийн төслийг парламентын албан ёсны цахим хуудаст байршуулсан байгаа тул иргэд хуулийн төсөлтэй танилцаж, санал өгөх боломжтой. Бид хамтдаа түгжрэлийн ард гарч чадна. Түгжрэлийн эсрэг хийхээр төлөвлөж буй ажлыг ямагт болохгүй, бүтэхгүй гэх өнцгөөс хараад байвал жил ирэх тусам нөхцөл байдал хүндэрнэ. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөлд иргэдийн амьдралын чанарыг дордуулах, онцгой албан татвар, импортын албан татвар зэрэгт өөрчлөлт оруулсан ямар нэг зохицуулалт тусгаагүй гэдгийг онцолъё” гэв.
Эх сурвалж: Төр.мн