Туршилтын Чойжоо гэдэг сайд тун их халгаатай байсан даа гэж хэлүүлэх түүх бүтээж байгаа юм биш биз!
Түлш эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн гэж үнэхээр цайрсан хүн нэг байна. Нэг үе ярихгүй боддог хүн гэж өөрийгөө хэлж байв. Боддог хүн ч мэдээж лут. Тэнэгийн дуугүй нь сүрлэг ч гэж үг байдаг.
Чойжоо сайд бол одоо үнэхээр яримтгай болсон. Ер нь юу л бодогдож байна, хэлээд л тавьчихдаг болсон. Онох онохгүйг ч бодохоо байж. Шууд л хэлнэ. Сүүлийн үед мань хүний хэлсэн “туршина” гэдэг үг араасаа их асуудал дагуулж байна. Сайжруулсан шинэ түлш буюу, урагшаа гаргасан нүүрсээ өртөгжүүлэн авсанаа Налайх , Хан-Уулынхан дээр эхлээд туршина гээд хэлээд тавьчихсан.
Ард түмэн бухимдаж байна, туршилтад орох нь гэж халаглаж байв. Аргагүй шүү дээ. Туршилт гэхээр чинь уг нь хулгана мулгана, амьтан, зориулалтын золиослуулагсад л санаанд орно биз дээ.
Нэг ангид тохой залган суугаа гишүүн Ц.Сандаг-Очир Чойжоо сайдтай уулзсан юм байна. Уулзахаас ч аргагүй үгийг Чойжоо хэлчихэж. Коксжуулсан нүүрсний туршилтыг Дарханд, үгүй бол Багануурт хийнэ гэснээс үүдээд Ц.Сандаг-очир уулзаад, “Багануурчууд туршилт хийлгэхгүй ээ” гэж хувь гишүүнийхээ байр суурийг илэрхийлсэн байдаг. Д.Өнөрболор гэдэг гишүүн бол өнгөрөгч хаврын чуулганыг хаах үеэс эхлээд мань Чойжоо руу үнэхээр агсарсан.
Агсарсан нь аргагүй байсан, Чойжоог энэ өвөлжин иргэдээ утах нь гэдгийг мэдсэн учраас тэгж агсраад байсан юм билээ. Энэ өвөл энэ коксжуулсан түлшээс болж Чойжоо хэдэн удаа ард түмэнд агсруулахыг таашгүй.
Бүр болохгүй бол Багануурт гэснээс нь үүдээд иргэн Б.Төрсүлд гэдэг хүн “Хамгийн хайртай хүмүүс минь амьдардаг газар, новш оо. Багануур хойт гэрийн хар овоохой юу” хэмээн цахимд агсарсан байна лээ, лавтайяа.
Энэ мэтийн агсрааны амтыг Чойжоо энэ өвөл тун их эдлэх нь шиг байна. Мөн иргэн Нацагийн Мандуул гэгч хүн бичжээ. “Нийтийн эрх ашигт нөлөөлөх аливаа туршилтыг хорин нэгдүгээр зуунд зөвхөн лабориторид л хийдэг болсоныг эрхэм сайд та эрх биш мэдмээр юм. Шахмал түлшний физик химийн үзүүлэлтийг сайжруулсан бол тэр утгаар нь тайлбарлахгүй дээ. Сайд гэхээрээ санаандаа орсон зүйлийг хүссэнээрээ ярьдаг байж болохгүй .Таны үг бүр хариуцлага шүү” гэж хатуу сануулсан байна.
Тэгээд иргэн Н.Мандуул Налайхчуудаа төлөөлөн бид туршилтад орохгүй шүү гэсэн байна лээ. Ингээд иргэдийн уур амьсгал Эрчим хүчний Чойжоод хатуу очиж байна.
Ирэх өвөл хавар, энэ түлшний нь элдвээс болоод хүн амьтан эндэж, янз янзын юм болбол Чойжоо сайдын асуудал намын нь асуудал болж, сонгуулийн жилийн сонголтгүйн утгыг бүрдүүлж мэдэх. “Би түлшээ туршиж эхлээгүй. Энэ үнэр Газын зурвасыг бөмбөгдөж байгаатай холбоотой байх” гээд бас Чойжоо хэлчихсэн юм уу даа, иргэн Ш.Оюунбаатар гэдэг хүн бас цахимд биччихэж.
Чойжоо минь дээ, Чойжоо минь, юу л гэгч болоод байна даа. Үнэндээ өөрөө ард түмэн дээрээ түлш туршаад, өөрөө өөрийгөө Б.Чойжилсүрэн сайд байх туршилтаар дадлагажуулсаар байна уу даа.
Сангийн сайдыг жил хийсэн аядсан. Одоо энэ Түлш, эрчим хүчний сайдаа мөн жил л хийж байна. Туршилтын Чойжоо гэдэг сайд тун их халгаатай байсан даа гэж хэлүүлэх түүх бүтээж байгаа юм биш биз!
Б. ГАРИД
Sanuulga.mn