Босоо Ганбаа та Д.Баясгаланг нүүрсний хулгайч мөн эсэхийг нотол!
Босоо Ганбаа жилийн өмнө нүүрсний хулгайн эцгүүд хэмээн хүмүүсийг нэрлэж байв. Ж.Оджаргал, П.Батсайхан, Д.Баясгалан нарыг нүүрсний хулгайн жинхэнэ эцгүүд хэмээн хэлж байв. Босоогоороо зогсож байгаад хэлсэн. Монголын шүүхийг хага базсан нөхөд гэж тодотгож байв.
П.Батсайханыг арын өрөөндөө Эрдэнэбалсүрэнгээс эхлээд шүүгчдийг хашчихдаг, ийм л юм шүү дээ гэж нэн тодорхой өгүүлж байв. Нүүрсний хэрэг анх мандсанаас хойш одоо жил болох гэж байна.
Б.Ганхуягийг л хориод жил болж байна. Өөрөөр ахицгүй гэхэд болохоор байна. Босоо Ганбаагийн хэлсэнчлэн нүүрсний хулгайд гүнзгий гар дүрсэн хүний нэг бол “Голомт”-ын Д.Баясгалан мөнөөсөө мөн гэж харж болох.
Энэ хүний эрх мэдлийн компаниуд л чухамдаа хамгийн том гэрээнүүдийг Монголын төртэй хийсэн. Д.Баясгалан “Тавантолгой-Гашуунсухайтын 240 км төмөр замыг 1.0 тэрбум ам.доллараар, Богдхан төмөр замыг 734.6 сая ам.доллароор барихаар “Тавантолгой төмөр зам” ХХК-тай гэрээ байгуулж, улсын нууцад оруулсан.
Улмаар Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын 1.0 тэрбум ам.доллар болон Богдхан төмөр замын 734.6 сая ам.долларын төлбөрөө “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас нүүрсээр авахаар тохиролцож, оффтейк гэрээ байгуулсан байдаг.
Ийм том гэрээнүүдийг оффтейк болгоод хийчихсэн байдаг. Өнөөдөр нүүрсний хулгайн асуудлаархи яриан дотор, энэ чиглэлийн мэдээлэл дотор “Голомт”-ын Д.Баясгалан гэж хүний нэр огт яригдахгүй юм. Энэ хүн бол нүүрстэй чухам ямар ч хамааралгүй мэт байх.
Гэтэл энэ хүнээс, хамгийн наад зах нь Таван толгой төмөр замын захирал асан Н.Удаанжаргалын тухай хамгийн их асууж болмоор хүн гэдэгт эргэлзэх хүн байна уу.
Н.Удаанжаргал энэ хүнтэй ямар том гэрээ хийсэнийг монголчууд харж байна. Гэхдээ Н.Удаанжаргал толгой мэдэж “Голомт”-ын Д.Баясгалантай ийм том гэрээг хийгээгүй гэдэг нь эргэлзээгүй. Түүний цаана, энэ гэрээг хийлгэх хэний нөлөө, ямар “хүч” байсныг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой.
Даанч “Голомт”-ын Д.Баясгалантай холбоотой нүүрсний асуудал одоо болтол сураггүй. Тэр өөрөө ч хаана яваа юм бүү мэд. Жилийн өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Голомт"-ын Баясгалан 2 сая доллараар зам барьчихаад 4.5 саяын оффтейк гэрээ байгуулсан тухай ингэж ярьж байсан.
Нүүрсний сонсгол хийвэл хамгийн эхэнд УИХ дээр дуудагдан ирэх ёстой хүний нэг бол Д.Баясгалан. Түүнтэй хамт олон жил хөшигний ард байж, бүхнийг зохицуулж, бизнест нь хамтарч, хэвлэл медиаг нь зохицуулж явсан А.Амундраг мөн байлцуулах ёстой.
Нүүрсний оффтейк гэрээнүүдэд А.Амундра гарын үсэг зурсан байдаг. Гэвч тэр одоо нүүрсний хулгайн асуудалд түүний нэр Д.Баясгалан ахынхаа хамтаар “огт байхгүй” байх юм.
Босоо Ганбаатар тэднээс нүүрсний хулгайн мэдээллийг нэхэх хэрэгтэй. Д.Баясгалаан хүрээд ир ээ, асуудлаа ярья аа гэж жинхэнэ урьж байх ёстой юм.
Нөгөө талаас Босоо Ганбаатарт нүүрсний хулгайч гэж зарлуулчихаад Д.Баясгалан ч гэсэн ингээд дуугүй яваад байж таарахгүй. Тиймээс тэр нүүрсний хулгайд гар дүрсэн эсэхээ тэр сонсгол дээр нь оролцож хэлэх хэрэгтэй.
Д.Баясгалан сүүлийн жилүүдэд Монголын хамгийн том эрх мэдэлтнүүдтэй холбоотой байсанаараа үндэсний эрх ашгийн том асуудлуудад өөрийнхөө үлдээсэн “тоосыг” тэр чигт нь орхиж боломгүй.
Эдгээр хүмүүс бол нүүрсний хэрэг, түүний тойрсон “ээдмэл”-ийг хамгийн сайн мэдэж байгаа хүмүүс. Энэ хүмүүс яагаад асуугдаж шалгагдахгүй, огт хамаагүй яваад байгааг бусад бүх нүүрсчид ярих хэрэгтэй.
Дөчин дөрвөн их наядын нүүрсний хулгайг илрүүлэн Монголын эрх ашигт нийцүүлэн, хохирлыг төлүүлэх ажлыг хийгээч ээ, эрх баригчид аа. АТГ, ЭЦГ гэх зэрэг хууль хяналтын байгууллагын алба хаагчид ч гэсэн улс орны эрх ашгийн тусын тулд энэ хүмүүсийг нэн даруй шалгаж нүүрсний хулгайд хамааралтай, хамааралгүй эсэхийг нь нэг мөр тогтоох нь зүйтэй.
Босоо Ганбаа Д.Баясгалангаа нүүрсний хулгайч мөн эсэхийг нотол!
Б. ДОРНО
Эх сурвалж: Амлалт.мн