Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ- ын гишүүн, ажиглагч орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо 2023 оны аравдугаар сарын 25-26-нд болж буй ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, ажиглагчийн хувиар ШХАБ-тай болон түүний гишүүн, ажиглагч орнуудтай нягт хамтран ажиллах, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлзэж байгааг илэрхийлэв.
Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын оролцогч орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөтгөн тэлэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр логистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологи болон хүмүүнлэгийн салбарт ШХАБ-ын оролцогч улсуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг ойрын 10 жилд хэрэгжүүлэх эхний үе шат болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд худалдаа, тээврийн нөхцөлийг хөнгөвчлөх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай нээлттэй бодлого хэрэгжүүлж байгааг танилцуулсан юм. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын оролцогч улс орнуудыг далайд гарцгүй улс орнуудын ачаа тээврийн асуудлыг тусгайлан авч хэлэлцэхийг уриалж, далай бол зөвхөн далайтай улс орнуудын өмч төдийгүй, дэлхийн бүх улс оронд хүртээмжтэй байх нь улс орнуудын тэнцвэрт хөгжилд чухал хувь нэмэртэй хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.
Мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар дурдаж, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн болон баруун коридор шинээр барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам, хийн хоолой барих зэрэг том төслүүдийг ШХАБ-ын үйл ажиллагаатай уялдуулах боломжтой болохыг онцлон тэмдэглэлээ.
Энэ удаагийн ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан,Иран, Беларусь, Туркменистан зэрэг улсын төлөөлөгч оролцож байна.