Пара тамирчид ХҮН БИШ ҮҮ!
Азийн зуны спортын пара наадам БНХАУ-ын Ханжоу хотноо зохион байгуулагдаж байна. Энэ наадамд манай орны баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, зургаан медаль хүртээд байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй тамирчид нэг дор чуулж, хөлс хүч, авхаалж самбаагаа дайчлан спортын уухайн дор өөрийн болоод улсынхаа нэрийг дэлхийд дархлахын төлөө нөхөрсөг өрсөлдөөн үүсгэж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч спортоор хичээллэж, амжилтанд хүрч болдгийн жишээг түмэнд батлан харуулахаар давхар мэрийж байна.
Саяхан Азийн зуны спортын наадам мөн Ханжоу хотноо зохиогдсон. Энэ наадамд Монголын тамирчид ч чамгүй амжилт үзүүлсэн. Наадмыг Монголын телевизүүдийн холбоо шууд дамжуулан олон нийтэд хүргэж байлаа. Бид ч тамирчдаа дэргэд нь байгаа мэтээр дэмжиж, амжилт, алдааг нь хамтдаа хуваалцаж байв. Шууд дамжуулалтын ач энэ.
Гэтэл одоо зохиогдож буй Азийн пара наадмыг Монголын нэг ч телевиз дамжуулсангүй. Хэдий сурвалжлагчдын баг явж байгаа ч тэр нь хангалтгүй. Бид тамирчдынхаа тухай мэдээллийг гадны эх сурвалжаас л авч байна. Туйлын харамсалтай, шударга бус.
Хүн бүр тэгш эрхтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч бидэнтэй адил л хүн. Тэд ч бас гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж чаддаг. Үзэгчдийг уйдаахгүй, уулга алдам агшнуудыг бүтээж чаддаг. Тийн атал тэдний өрсөлдөөнийг яагаад олон нийтэд шууд дамжуулан хүргэж болддоггүй юм бэ? Нийгэм даяар ийн бухимдаж байна. Шүүмжлэлт үгс дайж байна.
Хэрвээ пара тамирчдын өрсөлдөөнийг телевизүүдээр шууд дамжуулвал наад зах нь гэхэд л тэднийг үнэлэх бусдын ойлголт, хандлага өрчлөгдөнө. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэднээс үлгэр дуурайлал авч, спортоор хичээллэх урам зоригоор хөглөгдөнө. Хөгжлийн бэрхшээлтэй тамирчид яаж хичээж, хэрхэн хөлс хүчээ урсгаж буй алтан агшныг зөвхөн шууд дамжуулалтаар л харах боломжтой. Тэрнээс тэмцээнийх нь дараах сэтгэгдэл мэт огтоос чухал биш шүү дээ.
Тэгэхээр иргэдээ бид ийн ялгамааргүй л байгаа юм. Өнгөрсөн олимпоор хүртэл л ийм дүр зураг ажиглагдсан шүү дээ. Пара тамирчдынхаа наадмыг тэгш дамжуулчихаж чадахгүй байж бид тэгш эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх гэж хэчнээн чанга хашгираад ч нэмэргүй. Ичмээр, эгдүүцмээр. Цаашид анхаарам л...
Д.Сүрэн
Sanuulga.mn