ТОДОРХОЙДОО бэлэн үү, Б.Чойжилсүрэн сайд аа!
Хотын утаа хэзээ арилах вэ? гэх сэтгүүлчийн асуултанд САЛХИ ГАРАХААР Л АРИЛНА ДАА хэмээн хээв нэг хариулж зогссон Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс ам асууя. НИЙСЛЭЛЧҮҮД ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ ЧАДАХ УУ?
Лав утааны эрин эхэлж. Хүйтний эрч чангарах яагаа ч үгүй байхад л хотын захын дүүргүүдээр хоолой хорсгом нөхцөл үүсээд эхэлж. За даа зах ч гэлтгүй. Ер нь л хотын төв, Зайсан мэтээс бусад газарт нэлэнхүйдээ ижил. Сайдынхаар бол сайжруулсан шахмал түлшийг ХАЛЖ, хагас коксыг хэрэглээнд нэвтрүүлж байж л САЛХИ ГАРСАН дайны үр дүнд хүрэх юм гэнэ билээ. Тийн байр суурь илэрхийлээд, тэр чигийн санал санаачилга, төсөл төлөвлөгөө боловсруулаад л яваад байгаа. Иргэд эрс эсэргүүцэж байгаа. Энэнээс өөр арга хай гээд сайдаа БАНДААД байгаа. БАНТСАН сайд маань ч бүтэхгүй санаархлаа гээх үү, яах уу гэх ацан шалаанд орчихоод л яваад байх шиг үзэгдэх. Арай өөрийг сэтгэсэн нь дээр биз дээ сайд аа, учир мэдэх хүмүүс нь ч тэгж зөвлөөд байна. Мэргэжлийнхний үгийг сонс л доо...
Нөгөөтэйгүүр эрчим хүчний салбарт бас асуудлууд бий. Станцууд маань дээд хүчин чадлаараа ажиллаж байж л нийслэлчүүдийг тог цахилгаантай, дулаан байлгаж байгаа. Өчүүхэн доголдол гарахад л том хэрэг мандана. Нийслэлчүүд ГАЛ АЛДАХ нөхцөл үүснэ. Тиймээс Чойжоо сайдын тун чухагаар анхаарал хандуулах асуудал энэ гарцаагүй мөн.
Уг нь бол өндөр үнээр гаднаас хагас кокс нүүрс авна гэхийнхээ оронд станцуудынхаа засвар үйлчилгээг сайжруулж, бүрэн бүтэн байдлыг хангах чигийн ажилд л үнэмлэхүй хөрөнгө зарцуулмаар байгаа юм. Тэр нь олонд тустай, үр дүнтэй.
Цаасан дээр бол өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна гэх дүн гарсан байна билээ. ГЭХДЭЭ БОДИТ БАЙДАЛ ДЭЭР БҮХ ЗҮЙЛ ӨӨР БАЙДАГ ХУУЛЬТАЙ.
Чойжоо сайд хэлсэн ӨВӨЛ БОЛОХ НЬ БҮР Ч ТОДОРХОЙ гэж. Тэр ТОДОРХОЙ нь өмнө ирчихлээ. Харин тэр ТОДОРХОЙДОО ТОРОХГҮЙ БАЙХ бэлтгэлээ базаасан уу гэдэг нь л одоо мөн ТОДОРХОЙ дүгнэгдэх нь. Харъя даа...
Д.Сүрэн
Sanuulga.mn