Тээврийн цагдаагийн алба, ЦЕГ-ын удирдлагууд АНХААР!
Тээврийн цагдаагийн алба, ЦЕГ-ын удирдлагууд АНХААР! Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн Тасгийн дарга А.Мөрөн үр тариа тээвэрлэгчдийг “дэглэж” байхын оронд замын хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх ажилдаа анхаарсан бол ДӨНГӨЖ САЯ ийм аймшигтай осол гарахгүй байж болох байсан. Эмгэнэлтэй, харамсалтай!!!
Маш аймшигтай, ноцтой осол боллоо. Хэдхэн цагийн өмнө Замын цагдаагийн газрын дарга асан, хурандаа С.Энхтөр Баруунхараагийн замын тухай, тодруулбал, “Дарханы замаар Жаргалант хүртэл өдөр яваад шөнө буцаж ирлээ. Бурхан минь жинхэнэ аюул тэнд байна. Өндөр хурд, аль зорчих хэсэг рүү яаж орох нь тодорхойгүй, мэдээллийн байгууламж тэр дотроо тэмдэг тэмдэглэл нь ойлгомжгүй, цөөхөн учир жолооч нар багцаагаар тууж өгч байна. Туузан хашлагууд бол эхлэл төгсгөл дээр ямар ч мэдээлэл анхааруулга алга, сүлбүүлж үхмээр” гэхчлэн Фэйсбүүк хуудаснаа бичсэнийг байсан. Гэтэл үүнээс хоёрхон цагийн дараа буюу 23 цагийн орчимд яг тэр Баруунхараагийн замд аймшигтай осол болж хүний толгой тасарсан гэх мэт нүд хальтрам дүр зураг олны нүдний өмнө болоод өнгөрчээ.
Энэ бол цэвэр Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасаг, түүний дарга хошууч А.Мөрөнгийн хариуцлагагүй, зохион байгуулалтгүй ажилтай холбоотой гэдгийг Тээврийн цагдаагийн албаны дарга Ц.Ариунболд, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Т.Сүхболд нарт яаралтай уламжилж арга хэмжээ авахыг шаардмаар байна. Дээр дурдсан С.Энхтөр хурандаагийн хэлсэнчлэн Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга А.Мөрөн урьдчилан сэргийлэх ажлаа сайн хийсэн бол, өдөр тутамдаа мэргэжлийн удирдлагаар чадварлаг хангаж ажилласан бол ийм осол гарч эрдэнэт хүний амь олноороо эрсдэх байсан уу?
Гэтэл энэ дарга юу хийгээд өдөржин орон нутгийн тариаланчид, тээвэрчдийг бухимдуулаад байсныг нутгийн олны гомдол мэдээлэл харуулна. Юу гэвэл одоо тариа хураалтын ид үе. Тариаланчид хөлс хүчээ дуслуулж тарьсан тариагаа үйлдвэрт хүргэх гэж цастай уралдан ажиллаж байхад энэхүү нөхөр А.Мөрөн тариа будаа татаж байгаа компаниудыг жин, тонн хэтэрсэн гээд бүгдийг нь “4 зам” гэгч газарт эгнүүлэн зогсоож, “Дахиад өөр машин авчирч илүү гарсан будаагаа ачаад яв” гэж саатуулсан талаар нэр бүхий компаниуд, тээвэрлэгчид мэдээлсэн.
Тэд “Сэлэнгэ аймгийн цагдаа нар олон жилийн турш аймгийн онцгой комиссийн бүрэлдэхүүнд орж тариаланчдад тусалж намрын тариа хураалтад оролцдог байсан. Гэтэл цастай уралдах, шатахууны хомсдолтой өрсөлдөхийн зэрэгцээ аймгийн Замын цагдаагийн байгууллага нь тээвэрлэлтийг саатуулж, дахин өөр машинд ачихийг шаардаж зогсох нь “Хүнсний хувьсгалын ажилд саад хийх” үйлдэл үү, “Сэлэнгийн тариаланчдын эсрэг үйлдэл үү”.
Албан тушаалтан, эрх мэдэлтэн хийх ёстой хамгийн чухал ажлаа мэдэхгүй байхын зэрэгцээ хүнд суртал учруулах дуртай байх нь хаана, хэнийг хохироож байдгийг Тээврийн цагдаагийн албаны дарга Ц.Ариунболд, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Т.Сүхболд, цаашилбал ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр та бүхэн сайн харж авцгаа! Энэ хариуцлагагүй даргадаа яаралтай арга хэмжээ авч өг гэж Сэлэнгэ аймгийн ард иргэд, тариаланчид, тээвэрлэгчид шаардаж байна.
Г.Ялалт
Sanuulga.mn