Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Х.Нямбаатар дарга аа, сонгуулиас өмнө шинээр автобус худалдан авч, парк шинэчилж амжих уу!

Х.Нямбаатар дарга аа, сонгуулиас өмнө шинээр автобус худалдан авч, парк шинэчилж амжих уу!

Хотын дарга Х.Нямбаатар нийтийн тээвэрт автобус авах өмнөх гэрээг цуцалж, шинэ гэрээ байгуулж, шинээр автобус худалдан авах тухай мэдэгдсэн.

Үүнтэй холбогдуулан хэдэн зүйлийг хэлэхгүй бол болохгүй нь ээ. Юуны өмнө хэдэн зуун тэрбумын өртөгтэй автобус худалдан авалтын гэрээ томчуудын “тоглоом биш” байлтай.

Тиймээс өмнөх “хуудуудтай гэрээний худалдан авалт”-ыг хэрхэх вэ? Гэрээг нь цуцалчихлаа гээд асуудал шийдэгдчихдэг бол тэрэн шиг амархан зүйл байхгүйсэн.

Тэгээд ч өмнөх “ногоон автобусны” гэрээний гүйцэтгэлийг яах вэ? Шилжүүлсэн мөнгийг нь хэрхэн буцааж олж авах вэ? Нэгэнт худалдаад авсан “капитал ногоон автобус”-аа нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах эсэх? Эдгээр асуудлыг шийдэхгүйгээр шинээр гэрээ байгууллаа гэхэд лавтай энэ өвөлдөө амжиж нийтийн тээвэр шинэчлэгдэхгүй, шинээр автобусууд орж ирж амжихгүй нь тодорхой.

Тэгээд ч автобус дахин шинээр худалдан авах олон улсын чанартай тендерийг ном журмын дагуу зарлаад худалдан авалт хийгдэхэд дор хаяж 3 сараас доошгүй хугацаа шаардлагатай болно. Талх үйлдвэрлэдэг шиг нэг дор 800 автобусыг үйлдвэрлээд бэлдчихсэн байж байдаг, 1-2 сардаа багтаагаад үйлдвэрлэчихдэг газар гэж дэлхийн хаана ч байхгүй. Капитал автобусыг шинэчлэн засахад л хагас жилийн хугацаа зарцуулагдсан шүү дээ.

Тиймээс евро стандартаар үйлдвэрлэх 800 автобусыг худалдан авах гэрээг автобус үйлдвэрлэлийн компанитай өнөө маргааш яаралтай байгууллаа гэхэд гэрээний дагуу автобусууд манайд нийлүүлэгдэхэд дорж хаяж 1 жил шаардлагатай. Ингэж байтал сонгуулийн хугацаа тулж, сонгууль болж засаг төр “өөрчлөгдөнө”. Засгийн болон нийслэлийг удирдах эрхэнд ямар нам ялахыг одоо тааварлах боломжгүй.

Дээр нь шинэ автобус худалдан авах зардлыг хаанаас гаргах вэ? Түгжрэлийг бууруулах өмнөх зардлууд “дашийншог” болсон тул дахин татвар төлөгчдийн мөнгөнөөс, төсвөөс гаргана гэсэн үг үү?

Шинэ хотын даргын хэлсэн үг, хийхээр төлөвлөж байгаа ажлыг нь харахад төрийн залгамж чанар, бодлого үйл ажиллагаа, алсын хараа, хэмнэлт, хяналт гэж түй ч алга, өөрийн хүсэл зоргоор асуудалд хандаж, төсвийн мөнгийг дахин үргүй зарцуулах нөхцөл байдал үүсэх бий гэдэг “айдас” төрж байна.

А.Галт

Эх сурвалж: Amlalt.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)