Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Ганц далайлтаар засахад амар гэж үү

Ганц далайлтаар засахад амар гэж үү

Үе үеийн Засгийн газарт нийгэмд үүссэн саарыг засч, сайныг нь үлгэрлэн манлайлан ажиллаасай гэсэн хүлээлтээр олон нийт итгэл үзүүлж байдаг. Энэ л Засгийн газар гавьяатай сайн ажиллалаа гэсэн дүн тавьсан удаа байдаггүй ч ядаж гай тарьдаг Засгийн газрыг ард түмэн хүсэхгүй нь мэдээж. Гэхдээ Засгийн газар бүр шүүмжлүүлж ирсэнтэй бол хэн ч маргахгүй биз ээ. Өнөөдөр хүн бүр улс төр яриад шүүмжлээд байгааг бас шууд утгаар буруутгах аргагүй юм. Амьдралд нь улс төрийн шийдлүүд нөлөөлөөд байгаа болохоор хэн ч дуугүй өнгөрөхгүй.

Манай улс ардчилал руу шилжээд 33 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн Засгийн газраас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүртэл олон ч засаг солигдож, алдаа оноотой явж ирж. Манай улсын өнөөгийн нийгмийн тэгш бус гарааны эхлэл 1990-ээд оны эхэнд тавигдсан байдаг. Чөлөөт зах зээл хөгжүүлэх нэрээр анхны өмч хувьчлал явагдахад мэдээлэлд ойр, эрх мэдэл бүхий хүмүүс хувьчлалыг өөрсдөдөө хожил болгон хувиргасан. Нийт ард түмэнд өгөөж нь ирээгүй. Үүний дараагаар уул уурхайн салбарыг хөгжүүлэхээр ашиглалтын лиценз олголт явагдахад мөн л төрийн албанд ажилладаг, мэдээлэлд ойр нөхдүүд орд, ордоор нь ханцуйн дотроо хуваалцаад авчихсан гэж хэлж болно. Манай улс 1993 оноос энэхүү тусгай зөвшөөрлийг олгож эхэлсэн байдаг. Уул уурхайн лицензийн наймааны оргил үеийг 2000-2008 оны үе гэдэг. Энэ үед хяналтгүй, задгай замбараагүй олголт хийгдэж байв. Өдгөө ухагдаж сэндийчилгүй үлдсэн аймаг орон нутаг гэж алга. Байгалийн баялгийг зүй зохистой ашиглах бодлогын үр шим монголчуудад хэрхэн яаж ирэв гээд асуудал ярьж болох. Газар хувьчлал ч мөн ялгаагүй. Хотын мэр М.Энхболд, хотын менежер Т.Бадамжунай нарын үед газар хувьчлал, олголт хамгийн их явагдсан. Иргэдэд алга дарам газар олдохгүй хүнд сурталтай байх хэрнээ эрх мэдэлтэнд болохоор хэмжээгүй ихээр олгогдож, газрын наймааг тэд бий болгосон нь үнэн. Одоо энэ бүхний үр нөлөөг өнөөгийн төлөвлөлтгүй, түгжрэлтэй хотоос харж байна.

Өнгөрсөн 33 жил онохоосоо алдах нь их гэж хэлж болохоор тэгш бус байдал нийгэмд бий болсоор иржээ. Одоо энэ бүхнийг засч залруулах ганц далайлтаар шийлчихдэг асуудал биш. Дээр хэлсэнчлэн үе үеийн Засгийн газарт авах ч юм бий, хаях ч юм бий. Мэдээж жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг шиг аль нэг нь арай илүү ажиллаж, аль нэг нь арай дутуу муу ажилласан л байж таараа. Улсдаа хортой шийдьэрүүд гаргасан нь ч цөөнгүй. Өмнөх шийдвэрийг нэгэнт өөрчлөхгүй явуулж ирсэн нь байхад зарим нь тэр засаж залруулах гэж оролдож байв. Гэвч манай Засгийн газруудын насжилт ямар байлаа даа. Ямар нэгэн бодлого хэрэгжүүлэхэд амаргүй, хэдхэн сарын настай нь олон байв.

Энэ Засгийн газарт ч мөн хийж хэрэгжүүлж байгаа сайн ажил нь ч байна. Хаяж гээмээр нь ч байна. Нүүрсний хулгай, авлига, албан тушаалын хэргийг шударга шийдвэрлэх, төрийн албаны хүнд суртлыг багасгаж, авлига хээл хахуультай тэмцэх бодлого гаргаж ажиллаж байгаа нь сайн хэрэг. Гэвч дайны хажуугаар дажин гэгчээр шийдэхэд бэрх, хэл ам дагуулсан асуудлууд ч ундардаг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ямарваа нэгэн асуудлыг намжаах төдийхнөөр бус харин нүүр тулж асуудлыг бодлого болгож, хэрэгжүүлэхээр зорьж байгаа нь сайшаалтай юм. Авлигын эсрэг, шударга ёсны төлөөх “үг”-нүүдийг Л.Оюун-Эрдэнэ гишүүн болоод л ярьж эхэлсэн. Түүнээс хойш ийм агуулга, санааг байнга ярьж ирсэн. Тэрбээр авлигын эсрэг, шударга ёсны төлөөх тэмцлээ үргэлжлүүлж, бодит арга хэмжээ авч 5Ш ажиллагаа бодлого болж хэрэгжиж байгааг харж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэргийг тэр олон нийтэд ил болгосон. 2022 оны сүүлчээр Эрүүгийн хуульд хэд хэдэн өөрчлөлтийг оруулж, авлига албан тушаалын хэрэгтнүүд ял завшдаг байдлыг халсан гээд яривал юм бий, бий. Гэхдээ гуч гаруй жилийн дагтаршсан их хир буртгийг Л.Оюун-Эрдэнэ шууд үгүй хийж чадахгүй л дээ. Тэр тийм амар биш. Тэр хэлж яриад байгаа, эхлүүлсэн ажлууд нь яахав эхнээсээ зарим нь үр дүн өгч л байна. Гэвч гэнэт нэг өдөр ганц ч үүлгүй тэнгэр болгож барахгүй. Том эрх ашиг буюу улсаа бодвол Хөгжлийн банк, нүүрсний хулгайг гаргаж ирэх, газрын авилгыг таслан зогсоох, цаашлаад буруутай этгээдүүдийг шийтгэх нь Монгол Улсын, монголчуудын эрх ашиг мөн үү гэвэл мөн.

Засгийн газар 30 жилийн түүхэндээ анх удаа Авлигатай хатуу сануулж, таван Ш ажиллагаа эхлүүлсэн. Хүний өөрийн нам гэлтгүй, арга хэмжээ авч байгаа, нийгэм эдийн засгийн хөгжлийг сэргээх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын дор салбар, салбарт чиглэсэн чамгүй их ажлуудыг хийх болсон.

Олон нийт үр дүн хүлээж байна. Өргөс авахын дайны юм бол хүлээх хэрэггүй. Гучин жилийн лаг шавар болсон энэ олон асуудалд тухайн цаг үе бүрийн Засгийн газрыг шууд утгаар нь буруутгах хэрэггүй. Эрх барилцаж, эвсэж наалдаж явсан намууд, олон олон Засгийн газрууд, хууль батлалцсан гишүүд гээд олон олон хүн өнөөдрийг бүтээлцсэн. Болох бүтэхгүй болгон өнгөрсөн он жилүүдэд нэмэгдэн нэмэгдсээр бугшсаар ирсэн гэдгийг л хэлэх гэсэн юм. Юм нэгээр дуусахгүй. Сайн жишиг тогтвол сайн л хэрэг. Ямар ч байсан тэр олон сайны үр боловсроосой хэмээн ерөөл өргөе дөө.

 

Б.БОЛД

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)