Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОГЧИД нь ХУУЛЬ БАТЛАГЧИД ӨӨРСДӨӨ

ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОГЧИД нь ХУУЛЬ БАТЛАГЧИД ӨӨРСДӨӨ

Монголын хууль гурав хоног гэж үг бий. Монголд хуулийг зөрчих гэж л баталдаг гэх “маазраа” ч бий. Ямартай ч өдгөө Монголд дээрх хоёр агуулгатай авцалдахуйц байдлаар л үйл явдлууд өрнөж байна. Манай эрх баригчид “догь, догь” хуулиуд баталдаг.

Өөрсдөө үлгэрлэнэ хэмээн том, том “бүлтэрдэг”. Гэсэн ч цагаа тулахаар хуулийг жинхэнэ “гууль болгогчид” нь тэд өөрсдөө л байдаг.

Юу үнэн, тэр үнэн. Олон ч жил бид эрх мэдэлтнүүдийн тийн даврахыг харж, хүлцэж, тэгш эрх хэмээн хий хоосон хашгирч ирлээ.

Цар тахлын дараагаар Төрийн хэмнэлтийн тухай хууль гэгч батлагдсан. Агуулга нь сайшаам. Үр дүн нь ч чухал. Эл хуулийн 6.4-т “Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн хэрэгсэлд бусад автотээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэнэ” хэмээн заажээ.

Үүнтэй холбогдуулан Зам тээврийн яамнаас өнгөрсөн наймдугаар сард төр, орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх төрлийн автомашинд хар хөх дэвсгэр бүхий улсын дугаар зүүлгэнэ хэмээн мэдэгдсэн.

С.Бямбацогт сайд өөрөө мэдээлэл хийж, шийдвэрийнхээ ач холбогдлыг ч тайлбарласан. Төр, орон нутгийн өмчид бүртгэлтэй автомашинд ялгамжтай дэвсгэр бүхий улсын дугаар хэрэглүүлснээр улстөрчдийн давралыг нэг ёсондоо хязгаарлана, бууруулна.

Улсын өмчийг амин хувийн хэрэгцээндээ ашиглаж, авгай хүүхэн, архи дарс зөөж, түгжрэлд нөлөөлдөг байдлыг үгүй хийнэ. Иргэд тэр бүгдийг хянах боломжтой болно гэсэн үг.

Сайн тал нь л энэ. Гэтэл наймдугаар сараас хойш даруй 2 сар өнгөрлөө. Цэрэг, цагдаа, онцгой, хууль хүчний байгууллагуудын автомашинууд хар хөх дэсгэртэй улсын дугаараа ашиглаад эхэлжээ. Сайшаам.

Аа гэтэл улстөрчид, эрх мэдэлтнүүдийн автомашин аанай л өмнөх дүрээрээ замын хөдөлгөөнд оролцсоор байх. Төрийн ордны зогсоол дээр сойсон том том хар тэрэгнүүдийг харахад хар хөх дэвсгэртэй дугаар зүүсэн нь ховор. Хачин, хоржоонтой.

Төрийн хэмнэлтийн тухай хуулиа мөрдөж, ард түмэндээ биеэр үлгэрлэхийн оронд том том тэрэгнүүдээ хувийн зорилгоор ашиглах эрмэлзэл л тэдэнд илүүтэй байгаа бололтой юм. Тийн хардлага төрж байна.

Тийн хардах үндсийг ч тэд өөрсдийн үйлдлээрээ, үйл хөдлөлөөрөө өдөөж байна. Үнэхээр хэрэгжүүлж чадахгүй юм бол яах гэж сүржин, сүржин хууль баталж, сүр, сүр яриагаар хачирладаг хэрэг вэ энэ чинь. С.Бямбацогт сайд аа, Д.Амарбаясгалан даргаа...

Хуулийнхаа хэрэгжилтийг хангаач ээ. Улстөрчиддөө шаардлага тавьж, унаа тэргийнх нь хэрэглээг хянаач. Хууль хэн бүхэнд эрх тэгш үйлчлэх ёстой. Ордныхонд ч тэр ордны гаднах жирийн иргэдэд ч мөн адил...

Д.Сүрэн

Эх сурвалж: Амлалт.мн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)