Улсын мөнгөөр ГАРАА УГААХАА болино уу, Чинбатын Номион!
2020 онд Монголчууд түүхэндээ анх удаа бие даасан Соёлын яамтай болсон. Энэ нь ч олонд сайшаагдаж, Монгол ёс уламжлал, соёлоо дэлхээн, дэлхийд тунхаглан, сурталчлах үүд хаалга нээгдэв хэмээн сайн үр дүнг бэлгэдэж, хүлээж байв.
Шинэ яамны сайдаар С.Чулуун томилогдсон ч “баарч”, түүний дараа 2021 онд Ч.Номин гэгч бүсгүй халааг нь залгасан. Түмний эгдүүцлийг илтэд өдөөсөн. Чинээлэг эцгийн зангаргаар сайдын суудлыг худалдаад авчихлаа гэж хардах хэсэг ч нийгэмд дийлэнх байв. Гэхдээ л Монголчууд Ч.Номин сайдад итгэл хүлээлгэсэн.
Шинийг санаачилж сэдэж, залуу хүний сийрэг ухаанаар соёлын салбарыг өөд нь татаж, салбарынхны урмыг тэтгэх байх хэмээн хүлээлт талбив.
Даанч түүнээс хойш даруй 3 жилийн хугацаа өнгөрсөн ч Ч.Номин сайд гийгүүлж гавьсангүй. Энд тэнд наадам, фестиваль зохиож, гадаад, дотоодын хурал чуулганд ганц нэг оролцож, улсын нүүр тахлахаас өөрөөр шальсангүй.
Сахил хүртээд шал дордов гэгч болов. Салбарынхан нь ч огцруулах тэмцэл хэд хэд хийсэн. Цалингаа нэмүүлэхийг ч шаардсан. Сайд ширэн нүүрлээд л, аргацаагаад л өнгөрсөн. Өдгөө ч аргацаасаар байна.
Кино урлагийг дэмжих сан гэж бий. Тэрхүү санд Ч.Номин сайд 1 тэрбум 300 сая төгрөгийн санхүүжилт олгосон байх юм. Түүнийг захиран зарцуулж, хяналт тавих эрхийг нь Кино урлагийн үндэсний зөвлөлийн дарга Ч.Ундралд олгожээ.
Энэ их мөнгийг Кино урлагийг дэмжих сангаас 2022 онд шалгаруулсан гэх 11 төсөл, хөтөлбөрт зарцуулах, зарцуулсан юм байх.
Харах нь ээ өнөөх шалгарсан төсөл, хөтөлбөр гээд байгаад нь дорвитой юм огт алга. Хэдэн кино, мөн хэдэн сургалт, сурталчилгааны ажил л байх. Энэ мэт хямдхан ажилд тийм их хөрөнгө зарцуулна гэхэд итгэмгүй, басхүү гол харлам. Мөнгө угаах нэг арга л мэт...
Ч.Номин сайд уг нь арай өөр л ажилламаар байна. Өнөө маргаашаа аргацаасан ажлуудад төсвийн мөнгийг зарж, үрж байхын оронд бодлогын чанартай санаанууд мэтгэмээр. Ядаж л салбарынхныхаа цалинг нэмж, залуу боловсон хүчнээ дэмжихийг урьтал болгомоор.
Гэтэл тиймгүй, харалган. Үнэхээр улсын мөнгө уйлдаггүй гэдгийн үлгэрийг л утгаар нь амилуулж байх шиг үзэгдэх. Ард түмэн танаас одоо хариуцлага нэхэж байна. Дээрх мэт төсвийн мөнгийг үргүй зарлагадсаныхаа учрыг нийтэд ил тод дэлгэ, тайлагна хэмээн шаардаж байна.
Сайд хийнэ гэдэг нь Улсаасаа гамгүй МӨНГӨ СААХЫН нэр биш Ч.Номин ахайтаан. Ухаарвал сайнсан.
Эс чадваас ХАРГИС эцэгтэйгээ хамт хадлан тэжээлээ бэлдээд ХАНГАЙГАА БАРААДСАН нь өлзийтэй болов уу!
Д.Сүрэн
Sanuulga.mn