Халуун сав, халтар төгрөгөөр ИРЭЭДҮЙГЭЭ ХУДАЛДДАГАА больё, ХЭРСҮҮ БАЙЯ
Манайханд нэг муу зан байдаг. Авах дуртай. Улстөрчдөөр “тордуулах” дуртай. Өнөөх хэд нь ч үүнийг нь андахгүй. Тойрогтоо дорвитой бүтээн байгуулалт, часхийсэн ажил хийж нэг их гийгүүлэхгүй хэрнээ л баяр, ёслол бүрээр сонгогчиддоо “хишиг” тараана. Халуун сав, цай торго, тавгийн чихрээс авхуулаад бетон, бэлэн мөнгө хүртэл “цацна”.
Ийм зүйлс тараасных нь хэрээр иргэд саймширна. Энэ маань овоо доо, сэтгэлтэй дээ гээд л тойргоос сонгогдсон төлөөлөгчдөө, гишүүдээ магтана, өмөөрнө. Авсан юм чинь ачийг нь хариулна аа гээд л сонгуулиар саналаа тавиад туучихна. Иймэрхүү л загвараар бид олон олон онд бүдэрч, олигтой сонголт хийж чадахгүй, олиггүй нөхдийг дээрээ залчхаад, “дагздуулж” явна.
Саяхан л гэхэд Ахмадын баяраар овоохон дуулиан мандах шиг боллоо. Хаа сайгүй л бэлэг сэлт, бэлэн мөнгөөр “бороо орсон” гэх. Түүний хойно доо. Залуучуудын холбооны тодотголтой О.Гэрэлт-Од тэргүүтнүүд “санта өвөөгийн ажлыг хийж”, нинжин сэтгэл гаргаж, Сэлэнгийнхнийг сэнхрүүлж, мөнхүү бас өөрөө хөлчүүрхэж яваад олны хэл аманд өртсөн харагдсан, инээдтэй.
Уг нь манайхан одооноос ухаантай баймаар байгаа юм. Ухамсартай, хэрсүү. Хэн ихийг өгч, попорсонд нь биш хэн илүүг хийж, сэтгэж, санаачилсанд нь л “элэгтэй” баймаар байгаа юм. Өнөөгийнх шигээ бэлэг сэлт, бэлэн аманд хууртаад л яваад байвал энэ төр хэзээ ч “эрүүлжихгүй”. Тос усыг ялгадаг баймаар байна. Ирээдүйгээ боддог баймаар.
Сонголтоо зөв хийж, улстөрчдийн бяцхан заль, ухаан зарсан далд пиарт “ниргүүлдэггүй”, ниргүүлэхээргүй овжин л байх нь гол. Ядаж нийгмийн дийлэнх тийн болсон цагт% тийн ухамсар сүлэлдсэн цагт л гэрэл дэлхэнэ. Гэгээн цагийн нахиа үрслэнэ...
Д.Сүрэн
Sanuulga.mn