Хэн гэдэг даргын ивээлд байхаас нь үл хамааран авлигач дээрэмчдийг гэсгээж эх орондоо ариунаар туслаач, хууль хүчнийхээн!
Ард түмэн анзаарч, ажиглаж л байгаа. Төмөр замын тээврийн зохицуулалтыг тойрсон үйл явцаас асар их мөнгөний хэрэгт холбогдогч С.Батдөл гэгч хүнийг тойрч болж байгаа үйл явдлуудыг.
Эхлээд нийгмээрээ нэг юм болж, гэрээс нь хураасан долоон тэрбумыг шогширцгоон хэлэх муу үгээ олж ядаж байцгаасан. Тэгвэл мөнөөх С.Батдөлийн ялыг хоёр жилээр хасаж хөнгөрүүлж байна.
С.Батдөлийн яллан ердөө жил ч болоогүй байхад ингэж хөнгөрүүлж байгаа үйл явдал бол энэ хүний цаад дахь жинхэнэ хэрэгтнүүд, жинхэнэ эзэд эрх мэдлээ хэрэгжүүлэн, хэрэгт холбогдон, гарцаагүй баригдсан энэ хүнээ авраад л байгаа үйл явц гэж дүгнэхэд хүргэж байна.
С.Батдөлийн гэрээс олдсон долоон тэрбум төгрөг Авлигатай тэмцэх газрынхан бус Цагдаагийнханы хийсэн үйл ажиллагаагаар илэрсэн. Төмөр замыг өнөөдөр Х.Хэрлэн гэдэг дарга удирдсаар.
Энэ хүн С.Батдөл гэдэг хүнтэй холбоотой аливаа нэгийг огт хэлсэнгүй. Удирдсан салбараас маань ийм асуудал үүссэнд, салбартаа авлигын сорил шинжилгээ авч хэрэгжүүлж ажиллаж чадаагүй ч гэж үг хэлсэнгүй. Зүй нь энэ хүн С.Батдөлийн хэрэг явдлаас хамааран үг дуугүй ажлаа өгч явах ёстой хүн. Долоогийн долоон тэрбум төгрөг зүгээр нэг ахлах ажилтаны нь гэрээс илэрч байхад Х.Хэрлэн гэдэг хүн хээвнэг албан тушаалаа хашсаар.
Энэ байдал дараагчийн Батдөлүүдийг торних суурь болж байгаа гэхэд хилс болохгүй. Ийм дөжирсөн байдал Монголын нийгмийг балласаар байна.
Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар гэдэг хоёр хүн ажлаа өглөө. Ногоон автобусны асуудал цэгцрэх яагаа ч үгүй байна. Өнөөдрийн байдлаар холбогдогч “Тэнүүн огоо” гэдэг компанид 130 тэрбум очсоноос далыг нь Солонгос руу шилжүүлсэн гэж байгаа ч үлдсэн жаран тэрбум хэрхэн яаж зарцуулагдав гэдэг мэдээлэл ил болоогүй байх шиг байна.
Сумъяа, Сүхээ хоёр энэ асуудлыг цэгцэртэл жирийн иргэний тодорхойлолтоор хууль шүүхийн өмнө явж үнэн мөнөө тогтоолгомоор. Сүхээ нь Хууль зүйн байнгын хороо дарга болж байгаа явдлыг ард түмэн ойлгохгүй байна. Хариуцлага хүлээх биш дараагийн албан тушаалаа авч байна гэж хэлэхээс өөр арга алга байна шүү дээ. Шагнагдаж байгаагаар ойлгогдож байна.
Сумъяа нь хотын намын хороон дарга гэдэг том албан тушаалаа өөртөө хадгалсан хэвээр байна. Энэ бүх байдал л Монголыг, төрийг, шударга ёсыг маш муухай харагдуулж, дэлхий ертөнц гайхан харсаар байна.
Эндээс харахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын эсрэг чадлын хэрээр тэмцэж байгаа харагдавч ганцаардаж хүчин мөхөстөж байна уу даа гэмээр. Ардын нам эдгээр асуудлуудаас болж маш муухай харагдаж, иргэдийн дунд жигжил зэвүүцлийг гаарууллаа.
Монгол оронд шүүх, прокурор, АТГ, ЦЕГ, ТЕГ, ЭЦГ гээд хууль хүчний байгууллагууд оршсоор. Энэ байгууллагууд яагаад ажлаа хийхгүй байна вэ. Өргөсөн тангараг, эдгээр байгууллагуудын ёс зүй, ажиллагаанд дээрх дурдан буй үйл явдал бүхэн харш нь тодорхой.
Монголын хууль хүчний байгууллагынхаан, эх орныхоо дээд эрх ашгийг бодож, нэр төрөө дээжлэн, энэ бүх болж бүтэхгүй байгаатай ханалан тэмцээч ээ.
Хэн гэдэг даргын ивээлд байгаа, хэн даргатай нэг нутаг, хэн дарга ил далд дэмждэг эсэхээс нь үл хамааран авлигач дээрэмчдийг гэсгээж эх орондоо ариунаар туслаач, хууль хүчнийхээн!
Б.БАЯР
Эх сурвалж: Amlalt.mn