Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Хятадаас хөнгөлөлттэй зээл авч барина
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын зээлийн тусгайлсан хэлэлцээрийг хэлэлцжээ. Тус асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх долоо хоногт БНХАУ-ын Бүс ба зам санаачилга олон улсын хамтын ажиллагааны форумд оролцоно. Энэ үеэр Монгол-Хятадын хооронд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн тусгайлсан хэлэлцээрийн баримт бичигт гарын үсэг зурахаар урьдчилан тохирсон. Хятадын төрийн байгууллагууд холбогдох бүх бичиг баримт, шийдвэрийг гаргасан. Манай талаас төслийн бүх бэлтгэл ажил бүрэн хангагдаж дууссан" гэлээ.
Эрдэнэбүрэнгийн УСЦ-ыг байгуулах төслийн нийт өртөг 266 сая ам.доллар гэж тооцсон. Үүний 95 хувь буюу 253 сая ам.долларыг жилийн хоёр хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай урд хөршийн нэн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх аж. Манай тал зээлийн эргэн төлөлтийг долоон жилийн дараагаас эргэн төлж эхлэх хуваарьтай байхаар тохиролцсон бөгөөд төслийг 2028 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын захиалагчаар Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК оролцох бол дамжуулан зээлдэгчээр Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Сангийн яам оролцож, баталгаа гаргах аж. Өөрөөр хэлбэл, Эрдэнэбүрэнгийн УЦС хуваарийн дагуу ашиглалтад орсон тохиолдолд долоон жилийн дараагаас Хятадын зээлийн эргэн төлөлтийг хийж эхлэх юм.
Эх сурвалж: IToim.mn