“Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилсон БЭТ-ийн хугацаа 26-нд дуусна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/-өөр томилогдсон Ж.Ганбатын хугацаа энэ сарын 26-нд дуусна.
Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд Ж.Ганбатын хугацааг зургаан сараар сунгаж шийдвэрлэсэн билээ. БЭТ-өөр ажиллуулах Засгийн газрын шийдвэр анх 2022 оны аравдугаар сард гарч байжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон БЭТ-ийн хугацаа дуусч буйтай холбоотойгоор тус компанийн захирлын томилгооны асуудал хөндөгдөх юм. Гэхдээ эцсийн шийдвэрийг Ерөнхий сайд гаргана. Одоогийн БЭТ Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн даргын алба давхар хашдаг. Тус компанийн гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн томилох уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөж байна.
Онцгой дэглэмийн хугацаанд 32.7 сая.тн нүүрс олборлож, 29.5 сая.тн нүүрс борлуулан, 2.9 тэрбум ам.долларын орлого олж, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлсөн байна. Компани байгуулагдсан 12 жилийн түүхэн хугацааны нийт олборлолтын 21 хувийг онцгой дэглэм тогтоосон 11 сарын хугацаанд гүйцэтгэсэн аж.
Эх сурвалж: Eguur.mn