Түмний үрс ГУДАМЖИНД хичээллэх нь л холгүй байна шүү САЙД АА
Монголын боловсролын салбарт асуудал их байна. Ар араасаа л ундарсаар байх. Саяхан багш нар цалингаа голж, ажил хаялт зарлана хэмээн сайдаа айлгасан. Айлгасан ч гэж дээ сайдынхаа эгдүүг хүргэсэн. Ид шидтэй, илбэтэй жатгатай нэгэн нь л сайд хийдэггүй юм бол цалинг чинь нэмж чадахгүй, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийгээрэй хэмээн Л.Энх-Амгалантан үг хаяаатхав. Энэ нь ч их олон хүний бухимдлыг төрүүлэх шиг боллоо.
МАН уг нь 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө 200 орчим сургууль шинээр барьж, улсын хэмжээнд байгаа нийт сургуулиудын 80-аад хувийг гурван ээлжээр хичээллэхийн зовлонгоос ангижруулна хэмээн амласан. Гэтэл тэр амлалт өдгөө хэрэгжсэнгүй. Сургууль, анги танхимдаа хүүхдүүд нь багтахгүй, түрээсийн байр, подволд хичээллэж, бүр зарим нь сургууль ч үгүй “гудамжинд” байна.
Наад захын жишээ гэхэд л Сүхбаатар дүүргийн 31-р сургуулийн шинэ барилга энэ хичээлийн жилд ашиглалтад орох товтой байсан ч “баарч”, харъяа дүүрэг, хорооных нь хүүхдүүд хаана “ном үзэхээ” мэдэхгүй, аргаа баран, “айл зүглэсэн” байх. Бүр БШУЯ-наас сургууль баригдахад шаардагдах санхүүжилтийг нь зогсоосон гэнэ. Иргэд бухимдаж байна. Хүүхдийн эрх хаана байна хэмээн ширүүхэн үгс шидэлж байна.
Бүтээн байгуулалтын ажил дуусах өдий байгаа нь барилгын зургаас тод харагдана. Гэтэл холбогдох байгууллага, яамнаас энэ тал дээр анхаарал хандуулахгүй, тус сургуульд суралцахаар бүртгүүлсэн хүүхдүүдийн эрхийг боомилж, хохироож, хөсөр хаясан нь туйлын харамсалтай.
Энэ бол ганц л жишээ. Ийм дүр зураг, асуудлууд орон даяар олноос олон бий. Гэтэл бид анзаараагүй, мэдээгүй мэт явсаар л...
Л.Энх-Амгалан сайд одоо дээрх мэт асуудлуудаа цэгцэлж, дорвитой ажиллах хэрэгтэй. Дорвитой тайлбар ч өгөх ёстой. Сайдын попрол арай дэндээд байгаа. Дэндсэнийг нь ч салбарынхан нь хэлээд л байгаа. Гэтэл ухаарахгүй нь. Угтаа энэ салбараа нэг л сайн өөд татаж, “өнгөлж” дөнгөхгүй нь.
Сайд аа... Ядаж түмний үрсийг тэгш боломжоор хангаж, сурах орчныг нь “татлаа, түтлээгүйгээр” бүрдүүлээд өгчихмөөр байна. Хөсөр хаядаг байж болохгүй. Угтаа хөсөр хаягдаж буй явдлыг чимээгүй хараад суудаг сайд ч бас бидэнд хэрэггүй...
Д.Сүрэн
Sanuulga.mn