ЭМГЭНЭЛ
ГЭЛЭГПИЛИЙН ЧУЛУУНБААТАР (1957-2023)
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Дэд ерөнхийлөгч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Гэлэгпилийн Чулуунбаатар 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зуурдаар таалал төгссөнд талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, элбэрэлт ээж, ахан дүүст гүн эмгэнэл илэрхийлье.
Академич Г.Чулуунбаатар 1957 онд Ховд аймгийн Дарви сумын “Гурван толгой” гэдэг газар төрж, 1975-1981 онд МУИС-ийн философийн салбарт суралцан төгсөж, 1981-1990 онд Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад 1990-1993 онд ОХУ-ын Москва хотноо Удирдлагын Академийн аспирантурт философийн ухааны доктор (Рh.D), 2000 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академид философийн шинжлэх ухааны доктор (Sс.D)-ын зэрэг хамгаалсан нийгэм, хүмүүнлэгийн салбарын тэргүүлэх эрдэмтэн, Ховд аймгийн олон академичийн нэг, Дарви сумаас төрсөн дөрвөн академичийн нэг байлаа.
Гэлэгпилийн Чулуунбаатар 1994-1996 онд Монгол Улсын Их Хурлын дэргэдэх Судалгааны төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1996-1997 онд ШУА-ийн Философи, Социологи, Эрхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1997-2009 онд тус хүрээлэнгийн захирал, 2008-2012 онд Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Удирдлагын академийн захирал, 2013-2016 онд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Захирал, 2016 оноос ШУА-ийн Тэргүүн Дэд ерөнхийлөгч, 2017 онд Монгол Улсын БСШУС-ын сайд, 2017 оноос ШУА-ийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл 42 жил шинжлэх ухаан, боловсролын төлөө хүчин зүтгэсэн эрдмийн 300 шахам бүтээл туурвисан, онолын болон суурь судалгааны олон төслийг удирдсан шинжлэх ухааны салбарын авьяаслаг зохион байгуулагч, гадаад, дотоодод танигдсан нэр хүндтэй эрдэмтэн, төр, нийгэм, шинжлэх ухаан, боловсролын нэрд гарсан зүтгэлтэн байлаа.
Тэрээр 1997 оноос ШУА-ийн Нийгмийн ухааны Бага чуулганы гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд тус Бага чуулганы (2020 оноос Хүмүүнлэгийн ухааны салбарын Бага чуулган) дэргэдэх “Гүн ухаан, социологи, улс төр судлал, урлаг судлалын салбараар шинжлэх ухааны доктор (Sс.D)-ын зэрэг хамгаалуулах” Эрдмийн зөвлөлийн дарга, 2017 оноос Философийн ухааны доктор (Ph.D) хамгаалуулах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллахын зэрэгцээ 20 гаруй магистр, доктор (Рh.D)-ын, 10 гаруй шинжлэх ухааны доктор (Sс.D)-ын эрдэм шинжилгээний ажлын удирдагч, зөвлөхөөр ажиллаж хамгаалуулсан юм.
Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэн, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Удирдлагын академи, Соёл урлагийн Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүнээр олон жил үр бүтээлтэй ажиллаж, Японы Соко их сургууль, БНХАУ-ын Нефтийн Их сургууль, Өвөр Монголын Багшийн Их сургуулийн хүндэт профессор цол хүртсэн байна.
Төр засгаас түүний шинжлэх ухаан, боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн 2000 онд “Алтан гадас одон”, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан”, 2008 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 2021 онд “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол хүртээжээ.
Талийгаачийн гэгээн дүр, хөдөлмөрч хичээнгүй, тууштай зарчимч, эрдэмлэг, эгэл даруу, нөхөрсөг зан чанар нийт Ховдчуудын сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэх болно.
ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР,
ХОВД АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛ
ДАРВИ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР,
ДАРВИ СУМЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛ