Ногоон автобусны худалдан авалттай холбогдуулан Түгжрэлийн экс сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга асан Д.Сумъяабазар нарыг шалгах ёстой
“Тангуд улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр сануулж бай” гэж Чингис хаан хэлсэн шиг “Ногоон автобусны асуудал дуусаагүй гэдгийг бид өглөө бүр санаж” байх ёстой.
Учир нь энэ үйлдэл бол татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдэн арван тэрбумаар нь завших албан тушаалтнуудын шунахайн сэдэлтэй, эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй, төгс зохион байгуулалттай авлига, залилан, хулгайн шинжтэй үйлдэл.
Хотын түгжрэлийг бууруулах төсөлд Засгийн газраас сүүлийн хоёр жил дараалан нийт 840 орчим тэрбум төгрөг шийдэж өгсөн ч өнөөдөр үр дүн гараагүй хэвээр байна. Хотын удирдлага, Түгжрэлийн сайд нар энэ хөрөнгөөр нийтийн тээврийг цогцоор нь шинэчлэх шийдлийг гаргаж хэрэгжүүлэхийг зорьсон ч “ногоон автобусны булхайгаар” Хотын дарга, Түгжрэлийн сайдын ажил төсвийн мөнгийг үнэгүйдүүлсэн, хулгай луйварын шинжтэй болох нь нийтэд илчлэгдсэн.
Үүний улмаас Түгжрэлийн сайд, Хотын дарга нар дуу дуугаа авалцан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.
Гэхдээ Ж.Сүхбаатар сайд, Д.Сумъяабазар дарга нар албан тушаалаасаа чөлөөлөгдлөө, үүрэгт ажлаа ажлаа өглөө гээд ТЭДНИЙГ ХАРИУЦЛАГААС МУЛТЛАХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ.
Төсвийн тухай хуулиар Төсвийн ерөнхийлөн захирагчид бол тэд. Тэд бусдад эрхээ шилжүүллээ ч гэсэн энэ нь хариуцлагаас мултрах шалтгаан биш. Нэгэнт өөрийн эрх мэдэлд нь шилжсэн төсөв хөрөнгийг хувиарлан зохицуулж, захиран зарцуулах шийдвэр гаргасан хүмүүс бол тэд өөрсдөө.
Тийм атал “Би ногоон автобусны худалдан авалтанд огт хамаагүй” гээд тэд хэлчихлээр, “Өө тийм үү” гээд орхичихдог хууль дүрэм гэж байж таарахгүй.
Тэднийг юу гэж хэлэх, яаж мэлзэхээс үл хамаараад хууль хяналтын байгууллага шалгах ёстой.
Тийм учраас тэднийг “дэвшүүлэн зайлуулах” биш, эрхийг нь түтгэлзүүлж байж, нягтлан шалгах учиртай. Түүнээс биш тэдний гаргасан шийдвэрийн дагуу хөрөнгө мөнгийг шилжүүлсэн дунд доод албан тушаалтан эцсийн буруутан болох ёсгүй. Хэнд эрх мэдэл байсан, тэр хариуцлагаа хүлээх учиртай.
Магадгүй “ногоон автобусаар далимдуулан” автобус авахаар төлөвлөсөн төсвийн зардлын 50 хүртэлх хувийг тэд “бүлэглэн, зохион байгуулалттайгаар хусах” гэж байсан юм биш биз гэдгийг ч нягтлах хэрэгтэй. Хэрэв ийм нөхцөл үүссэн бол тэдний энэ үйлдэл Эрүүгийн хуульд заасанчлан төрийн эсрэг гэмт хэргийн зүйлчлэлд хамаарна.
Ямартай ч нийгмийн баялаг, нийтийн эрх ашгаас “хулгайлсан” ногоон автобусны хэргийг үнэн шударгаар шийдэгдэж дуустал иргэд бид тайвшрах ёсгүй.
Энэ хэрэгтэй холбогдуулан Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, Хотын дарга асан Д.Сумъяабазар нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 Нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.8 дугаар зүйл.Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэх зэрэг зүйл ангид хамааруулан АТГ, ЭЦГ шалгах ёстой.
Тэднийг шалгахгүйгээр энэ хэргийн үнэн мөнийг олно гэдэг боломжгүй зүйл гэдгийг иргэд, олон нийт хэлж байна.
А.Галт
Эх сурвалж: Амлалт.мн