Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

НОЙРМОГ хатагтай нар сонгуулийн үнэрээр СЭРЭВ ҮҮ

НОЙРМОГ хатагтай нар сонгуулийн үнэрээр СЭРЭВ ҮҮ

Дорноговь аймагт 12 настай охин алга болоод одоог хүртэл олдоогүй байна. Ард нийтээрээ л сэтгэл зовнин, хүлээлт тавьж, эсэн мэнд олдохын хувь тохиол зөгнөж байна. Бяцхан зүрхнүүд нэг нэгээрээ зогссоор. Эмгэнэлтэй харамсалтайгаар, зарим нь бүр гол харалмаар, гомдмоор байдлаар хорвоог орхив. Арваадхан хоногийн дотор айхавтар хэргүүд хэд хэд гарч хүүхдийн хүчирхийлэл, эрхийн асуудлыг нухацтайгаар авч үзэх шаардлага буйг сануулсан бараан үйл явдлууд өрнөлөө.

Улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар хүүхдийн хүчирхийлэл, эрхийн асуудлыг хэлэлцэж байх шиг байна. Халуухан хэлэлцүүлэг өрнөж байна. Гишүүд ч халуухан халуухан үгсийг амнаасаа урсгаж, хайр зарлаж байна. Ялангуяа эмэгтэй гишүүд.

Өнөөгийн парламент түүхэнд байгаагүйгээр олон эмэгтэй гишүүнтэй. Гэвч тэд өмнө нь өнөөдрийнх шиг хүүхдийн төлөө чанга дуугарч байсангүй. Дуугарах гэж оролдож ч байгаагүй гээд хэлэхэд хилс болохгүй. Хүүхдийн хүчирхийллийн асуудал өнөөдөр л гэнэт нийгэмд аюулын харанга дэлдээгүй. Өмнө нь ч том том, эмгэнэлт хэргүүд гарч, нийгмийг цочроож л байсан. Тэр үед таг чимээгүй байсан хүмүүс өнөөдөр гэнэт сэрж, “амь орцгоосон” мэт аяглаж байгааг харах туйлын гайхам байна. Басхүү хөгтэй, хоржоонтой байна.

Аргагүй л сонгууль дөхсөний шинж юм сан уу... Эмэгтэй гишүүд ам уралдан ярьцгааж байна. “Уянгалцгааж” байна. Энэ бол попрол биш гээд тэр үйлээ “цайруулж” байна. Бүрэн эрхийнхээ хугацааг дуусч байхад ухаарцгаадаг нь ямар учиртай юм бэ. Дөнгөж сонгогдсоныхоо дараа л энэ мэт ярьж, хүүхдийн төлөө мэрийхгүй яасан юм бэ.

Ер нь манай улстөрчдөд тийм нэг муухай зан байдаг. Сонгогдсоныхоо дараа паг, таг байчхаад сонгууль дөхөөд ирэхээр л “ичээнээсээ гардаг”. Тодрох гээд ядчихдаг. Өнөөдөр эмэгтэй гишүүд яг л тийм нэг “ядмаг” байцгаана. Ядруу харагдана. Яана даа хатагтай нар аа. Дахин сонгогдох нүүр байна уу та нарт. Хичээцгээ. Үгүй ээ ядаж ингээд хичээсэн дүр эсгээд ч болов зургаан сартай золгоцгоо...

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 1 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)