Н.Баатардэмбэрэл: Ховд аймагт шинээр тавьсан зам эвдрээгүй, хамгаалалтын шинэ технологи нэвтрүүлэх ажилд хүндрэл гарсан
Сүүлийн өдрүүдэд Ховд аймгийн төвд тавигдсан зам бороонд урссан гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Тэгвэл энэ талаар бид Авто зам ашиглалтын хэлтсийн дарга Н.Баатардэмбэрэл буюу холбогдох албан тушаалтнаас тайлбар авлаа.
- Ховд аймгийн төвд шинээр барьсан зам бороонд урссан гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар тайлбар өгнө үү?
Юуны өмнө энэ бол шинээр зам тавьсан тухай асуудал биш. Ховд аймагт баригдаад 15-аас дээш жил болсон зам дээр Монголд анх удаа “Slurry Seal” технологи ашиглаж хамгаалалтын бүрхүүл тавьсан ажил юм. Авто замын засвар арчлалт гэдэг өндөр зардалтай. Засвар арчлалтыг цаг тухайд нь хийгээгүйгээс зам эвдэрч, гэмтдэг. Монгол Улсын хэмжээнд нийт авто замын ээлжит засварт 1 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо судалгаа бий. Ирэх онд Засгийн газар замын засвар арчилгаанд 200 тэрбум төгрөг төсөвлөсөн гэхээр замын арчилгаа, засвар гэдэг ямар өндөр зардал шаарддагийг ойлгож болно. Харин “Slurry Seal” технологи нь хайрга чулууг тусгай барьцалдуулагч бодистой хольж замын гадаргуу дээр 2 см хүртэл хамгаалалтын давхарга үүсгэдэг. Ингэснээрээ замын насжилтыг 5 хүртэл жилээр уртасгадаг. ЗТХТ нь авто замын тухай хуулиараа замын шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх нутагшуулах үүрэгтэй. Тэр үүргийнхээ хүрээнд зардал мөнгө хэмнэсэн орчин үеийн шийдлээр замаа хамгаалах арга хэмжээг авахаар хичээж ажиллаж байна. Ховд аймагт хийгдсэн ажлын тухайд чулуулагийн найрлага, Монгол орны байгаль цаг уурын онцлогоос шалтгаалсан хүндрэл гарч зарим газар гологдол гарсан. Олон нийтэд төөрөгдөл үүсч, алдаа дутагдал гарсан явдалд хүлцэл өчиж байна. Гэхдээ бид богино хугацаанд их хөрөнгө зарцуулахгүй, дотоод нөөц бололцоогоороо энэ асуудлыг шийдэх болно. Холбогдох ажлын хэсэг гараад газар дээр нь ажиллаж байна.
- Технологийн ямар асуудал гарсан талаар та нарийн ярих боломжтой юу?
Энэ ажлыг хэрэгжүүлэхэд бид БНСУ-аас зөвлөх мэргэжилтнүүд урьж ажиллуулсан, уг давхаргыг хийх машин механизм нь халуун асфальт дэвсэгчээс огт өөр хүйтнээр ажилладаг. Мөн бид тохирох чулуулгын материалыг ойр орчмоос татах гээд шаардлага хангахгүй байсан учраас 400 км-ын цаана буюу Баян-Өлгий аймгаас чулуулгын материал татсан гэх мэт маш их ажил өрнөсөн. Аймагтаа шинэ технологи нэвтгүүлье, авто замаа хамгаалья гэдэг дээр Ховд аймгийн засаг дарга Э.Болормаа дарга онцгой анхаарч 934 сая төгрөгийн зардлыг аймгийн төсвөөс шийдсэн. Замын засвар арчилгааг иж бүрэн хийхэд энэ төсөв хаанаа ч хүрэлцэхгүй. Гэсэн хэдий ч бидний тооцоолоогүй хүндрэл гарсанд хүлцэл өчиж байна. Гол асуудал нь чулуулгийн бүтэцтэй л холбоотой гэж урьдчилан дүгнэж байна. Гэхдээ нийт ажлын 80 хувь нь хэвийн 20 дээр нь асуудал гарсан гэдгийг онцолмоор байна. Энэ асуудал гарсан хэсэг дээр бид нарийвчилсан судалгаа хийж цаашид Монгол Улсын бусад бүс нутгуудад нутагшуулахад технологи, түүхий эд талаасаа юун дээрээ илүү анхаарах вэ гэдэг дээр нухацтай хандаж ажлын хэсэг гаргаад газар дээр нь ажиллаж байна.
- Татвар төлөгчдийн мөнгөөр туршилт хийлээ гэх шүүмжлэл мөн гарсан?
Нэгдүгээрт энэ бол туршилт биш. Олон улсад туршаад нэвтрүүлсэн технологи. Монголд анх нэвтрүүлсэн газар нь Ховд аймаг. Ер нь аливаа шинэ ажлыг зориглоод алдаж оноод хийх үү? Эсвэл алгуурлаж болгоомжилж суух уу? Гэдэг удирдагч хүний бодлогын сонголт байх. Э.Болормаа даргын хувьд аймгаас төсөв хөрөнгө шийдэхдээ шинэ технологи нутагтаа нэвтрүүлье, иргэдийнхээ зорчих замыг аятай таатай болгоё л гэдэг сэтгэлээр хандсан. Технологийн дутагдал гарсан асуудал нь хэн нэг албан тушаалтнаас шалтгаалахгүй. Гэтэл үүнийг зориуд мушгин гуйвуулж улс төржүүлж байгаа нь ёс зүйтэй хэрэг биш гэж бодож байна.
Ховдын олон түмэн үүнийг зөвөөр ойлгож, хүлээцтэй хамтарч ажиллана гэдэгт итгэж байна. Аливаа зүйлийг шүүмжлэх амархан. Инженер техникийн ажил, нарийн технологи гэдэг санаснаар шууд амжилттай болчихдоггүй. Нарийн төвөгтэй зовлон бэрхшээлүүд гарсаар ирсэн, цаашид ч гарна. Тэр болгонд асуудлыг буруу өнгөц ойлгоод олон нийтэд төөрөгдөл үүсгээд байвал цаашид энэ салбарт шинийг санаачлах, ажил хариуцаж гүйцэтгэх, шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэхэд тун хортой тусна гэж бодож байна.
Энэ чдэндүү хачин туршилт болжээ аймгийн дарга мэдэхгүй л төсөв гаргасан юм болов уу цаанаа нөгөө л цавьчаа бизээ мэдэхгүй бол ийм юм хийсэн хийлгэсэн та нарынх хулгайлсан хөрөнгөнөөсөө аймгийг хохиролгүй болго
Ховд зүгээр л шороон дунд амьдарч байна. Ялтай юм шиг ТҮК-н хэдэн ажилчид өдөр шиөнөгүй цэвэрлэнэ энэ жилдээ цэвэрлэж дуусхааргүй шороо асгачаад 20хувь гээд шаачжээ
Ховд аймгийн иргэн бичиж байна. Энэ нөхөр 20 хувьд нь асуудал гарсан гэчихээд анх тавьсан үеийнхээ зураг тавьчихжээ. Энэ зам бараг тэр чигээрээ байхгүй болж, хууларсан, бөөгнөрсөн шороо л болсон. Ард түмний тархийг ингэж угаахгүй ээ. Ховд хотын энэ хэсгээр зорчиход битүү манан дотор явж буй мэт болсон. Хот тохижуулахын хэдэн ажилчид замыг зассанаас хойш хагас сар шахуу шүүрдэж тоос шорооноос нь салгаж байна. Бүр дийлэхгүй болохоор, онцгой, цэрэг, цагдаагийн ажилчдыг дайчилсан. Ширэн нүүрлэж, худал ярисан нөхөр, Ховдын ард түмнийг нүдэн дээр нь доромжилж байна даа. Хэдэн өдрийн дараа үлдсэн хэсэг нь ямар болсныг зураг хөрөгтэй нь тавих болно.