Жанжины удирдсан “гэмт хэргийн бүлэглэл” түгжрэлийн мөнгийг “тонгорсон” уу?
УИХ-ын Т.Аюурсайханыг төрийн эсрэг зохион байгуулалтай гэмт бүлэглэл үүсгэсэн гэх Эрүүгийн хуулийн зүйл ангиар яллах дүгнэлтийг прокурорын байгууллагаас гаргасан байдаг.
Тэгвэл нийслэл хот дээр түгжрэлийг бууруулахаар төлөвлөсөн төсвийн мөнгийг үргүй зарцуулсан, хувьдаа завьшсан, ингэхдээ бүлэглэн нийлж, зохион байгуулалттайгаар халдсан юм биш биз гэсэн хардлага төрж байна.
Нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх хүрээнд шинэ гэж оруулж ирсэн ч капиталдсан ногоон автобуснууд асуудал үүсгэж, үүний улмаас түгжрэлийн мөнгийг хэрхэн үр дүнгүй зарцуулсныг иргэд олон нийт мэдсэн.
Үүнтэй зэрэгцэн Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар яаран сандран ажлаа өгсөн. Эрхэм сайд ажлаа хүлээлгэн өгсөн ч гэлээ нийслэлийн түгжрэлийг буруулах мөнгийг юунд, хэрхэн захиран зарцуулсан тухай тайлангаа нийтэд танилцуулж, алдаа мадаг гарсан бол хариуцлагаа өөрөө хүлээх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүний “давхар дээлтэй” мань сайдыг ажлаа өгөнгүүт хууль хяналтын байгууллага шалгахын оронд, харин ч түүнийг МАН-аас дэвшүүлж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар томилохоор болж байх юм.
Засгийн газраас хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэл рүү 2 жил дараалан шилжүүлсэн 840 орчим тэрбум төгрөг хаачив, юунд зарцуулагдав гэдгийг иргэд бид Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатараас нэхэх ёстой.
Учир нь тэр төсвийн ерөнхийлөн захирагч тул түүний гарын үсэг, зөвшөөрлөөр төсөв мөнгө захиран зарцуулагдана.
Нийслэлийн түгжрэлийг бууруулах төслийн удирдагч Д.Батзориг, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга асан Т.Оюунчимэг нар Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарын шавь нар бөгөөд Жанжин Сүхийн дор нэг “баг” болон ажиллаж, ингэхдээ төсвийн мөнгийг шамшигдуулах бүлэглэлийн зохион байгуулалтанд орсон юм биш биз гэсэн хардлага төрж байна.
Ногоон автобусны асуудлыг сөхөж үзэхэд ганц нэг хүн дангаараа эл тэрбумаар яригдах мөнгөнөөс “завших” боломж хязгаарлагдмал.
Тиймээс л би энд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы буруутгагдаж буй төрийн эсрэг байгуулсан гэх бүлэглэлээс илүү бодитой “Багш шавийн барилдлага дор нэгдсэн” гэмт бүлэглэл ажилласан байж болзошгүй байгаа тул АТГ, ЭЦГ энэ асуудлыг сайн шалгаарай гэж хэлээд байгаа юм.
А.Галт
Эх сурвалж: Амлалт.мн