Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Н.Мишигдорж: Эх сурвалж нь баталгаагүй мэдээллээс болж мөрдөн шалгах ажиллагаанд саад учирдаг

Н.Мишигдорж: Эх сурвалж нь баталгаагүй мэдээллээс болж мөрдөн шалгах ажиллагаанд саад учирдаг

Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын утсанд 2023 оны аравдугаар сарын 3-ны өдрийн 10:30 цагт тус аймгийн Сайншанд сумын сургуулийн сурагч Д сураггүй алга болсон тухай хэрэгт холбогдуулан албаныхан мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Өнөөдөр хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь прокуророор зөвшөөрөл олгоогүй гэмт хэргийг мөрдөн шалгах явцын талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Харин эрэн сурвалжлах ажиллагааны талаар товч мэдээлэл өгье.

Дорноговь аймгийн Сайншанд сумаас алга болсон Д гэгч охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга Товуудоржоор ахлуулсан бүрэлдэхүүн Дорноговь аймгийн Мандах сумаас Өмнөговь аймгийн Манлай сумын хооронд үргэлжилж байна. Онцгой байдлын албаас агаараас эрэн хайх ажиллагааг зохион байгуулад өнөө өглөө долоон цагаас нисдэг тэргийг Дорноговь аймгийн Мандах сум руу хөөргөсөн. Агаараас хайх ажиллагааг явуулж байна.

Мөн газраар автомашинтай цагдаагийн алба хаагчид эрэн хайж байна.

Эрэн сурвалжлах ажиллагааг зөвхөн Мандах сумд хийгээгүй. Зэргэлдээ сум, аймгийн төв гэх мэтчилэн охиныг байж болзошгүй гэх газруудад алба хаагч иргэдийн туслалцаа, онцгой комиссын гишүүд, алба хаагчидтай хамтран зохион байгуулж байна.

Мөн сэтгүүлч нарт хандаж уриалга гаргаж байна. Үүнийг бас өмнө хэвлэлийн бага хурал дээр хэлж байсан. Хүүхдийн асуудалтай холбоотой зүйлийг баталгаагүй эх сурвалжаас авсан мэдээллээ олон нийтэд цацдаг, иргэдийг талцуулж, төөрөгдүүлдэг байж болохгүй. Ялангуяа хүүхэдтэй холбоотой асуудалд.

Хүүхдээр эсэн мэнд олдоосой гээд хүлээж байгаа эцэг эхийн сэтгэл зүйд нөлөөлөх. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах нөхцөл гарахыг үгүйсгэхгүй.

Охин эсэн мэнд олдлоо, нас барсан байдалтай байна" гэх батлагдаагүй эх сурвалжаас авсан мэдээллээ цацах нь ёс зүйд нийцэхгүйг хэлье. Үнэн зөв, батлагдсан эх сурвалжтай мэдээлэл түгээх нь чухал байна.

Хэвлэлээр явж буй эх сурвалж нь баталгаагүй мэдээллээс болж мөрдөн шалгах ажиллагаанд саад учирдаг. Магадгүй гэрчүүд худал мэдээлэл өгөх, хамтран гүйцэтгэгч байгаа бол тэр хүн оргон зайлах г.м зүйл гарч ирэхийг үгүйсгэхгүй. Иймээс нягталж мэдээлэх хэрэгтэй" гэв.

"Хүүхдийг эсэн мэнд олдсон тухай мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны цахим хаягт өчигдөр нийтлэгдсэн. Энэ алба хаагчид ямар арга хэмжээ авах вэ" хэмээх сэтгүүлчийн асуултад мөн хариулав.

Тэрбээр "Манай дотоод хяналт, аюулгүйн газраас дотоодын албаны шалгалт явж байгаа. Энэ тохиолдолд нэгдүгээрт албаны шалгалт явуулж, гэм буруутай эсэхийг тогтооно. Дараа нь сахилгын арга хэмжээ авах асуудал яригдана.

Эрүүгийн хуулийн 21.9-д мөрдөн байцаалтын нууцлалыг задруулах, энэ тухай мэдээ мэдээллийг олж авсан хүн, албаны шугамаар олж авсан алба хаагч мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрөлгүй нийтэд мэдээлсэн бол гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Тиймээс энэ хэргийн талаар прокуророос зөвшөөрөл олгоогүй байгаа учир миний бие энэ хэргийн талаар мэдээлэл хийх боломжгүй байгааг та бүхэн зүгээр ойлгоорой" гэлээ.

Эх сурвалж: Gogo.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 1 4 Буруу 0 Гайхмаар 2 Харамсалтай 3 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)