Замын хөдөлгөөний хураамж, зорчилтыг хянах зөвлөх үйлчилгээний төлбөрт 582 сая төгрөг шилжүүлжээ
Нийслэлийн түгжрэлийг бууруулахад зориулан Засгийн газраас 2 жил дараалан нийт 800 гаруй тэрбум төгрөг нийслэлд шийдвэрлэж өгсөн.
Татвар төлөгчийн энэхүү мөнгийг Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга Д.Батзориг нар захиран зарцуулж, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр Нийслэлийн Авто замын дарга, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн мэдээлэл технологийн газар зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж, автобус парк шинэлэх, RIFD систем суурилуулах, зам гүүр, нүхэн гарц барих, шинэ автобус худалдан авах зэрэг ажлуудыг хэрэгжүүлсэн.
Гэсэн хэдий ч дорвитой үр дүн гараагүйгээр үл барам, хуучин капитал засварт оруулсан ногоон автобуснуудыг шинэ автобусны үнээр худалдан авсан нь илэрхий болж, үүнээс шалтгаалан Түгжрэлийн сайд, Хотын дарга нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.
Мөн АТГ, ЭЦГ зэрэг хууль хяналтын байгууллагууд ногоон автобусны мөрөөр орж шалгаж эхэлсэн. Гэтэл автобус худалдан авалттай холбоотой байж болзошгүй албан тушаалтнуудын зарим нь амиа егүүтгэх гэж оролдсон тухай мэдээлэл гарлаа. Эндээс харахад авто замын түгжрэл бууруулах нэр дор нийслэлийн холбогдох газар, агентлагийн дарга нар татвар төлөгчдийн мөнгөөс амин хувийн ашиг хонжоо хайж, цавчаа залилан нь хэрээс хэтэрсэн нь тодорхой боллоо.
Жишээ нь, Д.Батзоригийн удирддаг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж гэхэд л хоёр удаагийн үйлдлээр 194 сая, 388 сая төгрөг нийт 582 сая төгрөгийн шилжүүлгийг үйлдлээр Ай Си Ти групп компанийн Замын хөдөлгөөний хураамж, зорчилтыг хянах зөвлөх үйлчилгээний төлбөрт шилжүүлсэн байх юм.
Ямар компани гэхээр, ямар зөвлөх үйлчилгээ гэхлээрээ Замын хөдөлгөөний хураамж зорчилтыг хянах зөвлөх үйлчилгээнд 582 сая төгрөг зарцуулдаг байна вэ?
Оюу толгой зэрэг төслийн олон улсын менежментийн зөвлөх багийн төлбөр бол байж болох ч хураамж татах, зорчилт хянахад зориулан атал ийм хэмжээний мөнгөөр ямар зөвлөх үйлчилгээ үзүүлсэн гэхэд итгэхэд бэрх. Авто машины зорчихтой холбоотой RIFD технологийн асуудлыг нийслэлийн Мэдээлэл технологийн газар хариуцан ажиллдаг.
Тиймээс төслийн удирдагч Д.Батзориг, Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг нарыг энэ зөвлөх үйлчилгээтэй нь холбогдуулан АТГ-аас шалгах нь зүйтэй.
М.БААТАР
sanuulga.mn