НЗДТГ: Автобусны худалдан авалтыг нууцад хамруулсан зүйл байхгүй
БНСУ-ын "Daewoo Bus" компаниас худалдан авсан ногоон автобусны талаар хуучин автобус оруулж иржээ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж байна. Өөрөөр хэлбэл арлын дугаараар хайтал 30 жилийн өмнөх 1993 оны зорчигч тээврийн автобус гэж гарч ирсэн гэх шүүмжлэл цахим орчинд өрнөж байна.
Үүнтэй холбоотойгоор албаныхан мэдээлэл өгнө өнөөдөр /2023.09.29/ холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.
Онцолбол, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам "Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1600 тоот захирамжаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр болсон. Мэдээллийн зөрүүтэй байдлаас болоод энэ захирамж болон холбогдох бусад үйл ажиллагааг ямар нэгэн нууцад хамруулсан асуудал байхгүй. Уг ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ, худалдан авах тухай хууль 3.4 заалтыг үндэслэсэн.
Энэ заалтад хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил үйлчилгээ болон галт зэвсгийг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэж заасан. Гурван үндсэн нөхцөлийн аль нэг нь байвал хууль хамаарахгүй гэсэн зохицуулсан.
Нэг бол хуулиар төрийн нууцад хамааруулсан, Үндэсний аюулгүй байдалтай хамааралтай, галт зэвсгийн гэсэн байна. Худалдан авах ажиллагаа Үндэсний аюулгүй байдалд хамааралтай байна гэдэг ТЕГ-аас нийслэлийн Засаг даргын Тамгын газар зөвлөмж ирүүлсэн байдаг.
УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын Эдийн засгийн аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт хүн амын амьдралын үндсэн хэрэгцээ, эдийн засгийн бие даасан хэвийн үйл ажиллагааг хангах түүнчлэн тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо, санхүүгийн салбар, олон улс, Европын холбооны стандартад нийцүүлэн хөгжүүлнэ гэж заасан байгаа. Хоёрдугаарт, хүний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт Иргэдийн амьдрах, ажиллах, аюулгүй орчныг хангах, гамшгийн эрсдлийг бууруулах, хүнийг аюулгүй байдлыг баталгаажуулах нь үндэс болно гэж заасан байгаа.
Олон автобусны насжилт хэтэрсэн. Ингээд зам тээврийн осол гарч, иргэд 40 минутаас дээш автобус хүлээж байгаа нь иргэдийн эрүүл аюулгүй, ая тухтай очринд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчих байдалд хүрсэн.
Тийм учраас Тагнуулын ерөнхий газраас зөвлөмж ирүүлсний дагуу Засаг даргын захирамжаар Үндэсний аюулгүй байдалд хамааруулж, худалдан авах ажиллагааг хийсэн. Нууцад хамааруулсан зүйл байхгүй.1993 онд үйлдвэрлэсэн автобус 2023 онд орж ирэхдээ арлын дугаар нь хуучин загварынхаараа байдаг" гэв.
-Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэсэн он 17 цифрээр танигддаг-
Харин Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар "Улс орнуудад үйлдвэрлэгдэж байгаа тээврийн хэрэгслүүд 17 цифрээр танигддаг. Үйлдвэрлэгдсэн онуудад 17 цифрээр буюу латин үсгээр тодорхойлж, зааж өгсөн байдаг. Манай холбогдох хүмүүс энэ үсэг нь аль онд үйлдвэрлэгдсэн бэ гэдгийг тодорхойлох танилцуулгуудыг бэлдсэн.
Цахим орчинд "1993 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл" гэх мэдээлэл цацагдсан. Үүнд тайлбар хэлбэл латин үсэг нь 30 жилийн дараах давтамжтайгаар дахиж тавигдаж явдаг жишээтэй.
Тухайлбал 1992 онд үйлдвэрлэгдсэн бол тухайн латин үсэг дахин 2022 оныхоо үйлдвэрийг зааж явдаг. Үүнтэй адилаар 1993 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийн оныг зааж байгаа латин үсэг нь 2023 он гэдэгт мөн латин үсгээр зааж явдаг." гэлээ.
Эх сурвалж: Eguur.mn