Нүүрсний хэргийг шийдэхэд тотгор учруулагч Д.Амарбаясгалан уу!
Yahoo.com-д “Дашзэвэгийн Амарбаясгалангийн Зөвлөлт маягийн авлига Монголыг тогтворгүй болгож байна” нийтлэл гарчээ. Адам Балогн гэгч энэ нийтлэлдээ Монгол улс дахь баялгийн хараал, нүүрсний асуудлуудыг хөндөж, Д.Амарбаясгаланг холбоотой мэт бичин, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг энэ хулгайтай эрс тэмцэж байгаа тухай өгүүлжээ. Адам Балогны дүгнэснээр Монгол дахь нүүрсний хулгайг илрүүлүүлэхгүй байх үйл ажиллагаа байгаа бөгөөд, түүний нэг холбогдогчоор Д.Амарбаясгаланг нэрлэжээ. Мөн түүнчлэн “Админериал” компанийн санхүүгийн баримтуудыг түшин бичиж, далд эзнээр мөн л Ардын намын генсек бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэхийн даргыг нэрлэж.
Энэ асуудал Монголын хэвлэлээр зөндөө бичигдсэн, эдүгээ олон улсад бичигдэж байх шиг байна. Цэвэршүүлсэн нүүрсний үйлдвэр барих нь олон нийтийн эрх ашигт тустай ч Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий компаниуд яагаад хийх болсон нь тодорхой биш байна, “Адменириал”, “Глобал гүүр транс” компаниуд Монголын ардчиллын бүрэн бүтэн байдалд халдаж байна, нүүрсний хэрэгт Засгийн газрын хүн оролцсон нь эрх баригч намыг хагалах магадлалтай тухай бас өгүүлжээ.
Тэгээд Л. Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг өөрийн намынхан нь үүсгэсэн нүүрсний хэргийг шийдэж, ил тод байдал бий болговол, ял шийтгэл оногдуулах ажлыг хийвэл хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэх тухай тодотгосон байна. Улмаар, Засгийн газар нүүрсний хэрэгт ялах уу, авлигач албан тушаалтнууд ялах уу гэдгийг харах үлдлээ, Монгол улсын ирээдүй эгзэгтэй цаг үед байна гэж нийтлэлээ дуусгасан ажээ.
Гадаадад гарсан энэ нийтлэлийн хариуд Д.Амарбаясгалан яаран хариу мэдэгдэл гаргасан харагдана билээ. Гэхдээ тэр хариу нийтлэлдээ дээр нэр дурдагдсан компаниудад ямар хамааралтай эсэхээ хэлээгүй байна билээ.
Дээрх нийтлэл дэх Монгол улсын хувь заяатай холбоотой дүгнэлтүүд, нүүрсний хэргийг зөв шийдэхгүй бол болохгүй гэсэн өнцгүүд бол яах аргагүй чухал асуудлууд, манай эрх ашгийн асуудлууд гарцаагүй мөн.
Ирэх долоо хоногоос чуулган эхлэх нь, Х.Нямбаатар сонсголоо хийх байх. Б.Ганхуягийг авчраад яриулах хэрэгтэй дээ. Намаараа ирж шүүх хуралд бай гэж дуудаад байгаа хүн шүү дээ.
Нүүрсний хэргийг шийдэхгүй бол энэ асуудал дэлхийн асуудал болж, олон улсад бичигдэж, улсаараа нүүрсний хулгайгаа хаацайлдаг гэдгийг дэлхийн хэмжээнд яриад эхэллээ.
Б.БАЯР
Эх сурвалж: Amlalt.mn