Электрон тамхи бол СОЁЛ, ГАНГАРАА биш чамин ХОР
Шинэ үеийнхний соёлт хэрэглээ, гангараа бол электрон тамхи гээд гадуур, дотуур залуусын тархийг угаах болж. Олны танил хэд нь ч тийн агуулгын реклам, сурталчилгааны нүүр царай болж, үүнээс илүү төгс, хоргүй хэрэглээ үгүй. Янжуурыг электрон тамхиар л орлуул. Хамаагүй үр дүнтэй хэмээн түмэнд нөлөөлж үзэгдэх нь олшров.
Гэтэл учир мэдэх хүмүүс арай өөрийг өгүүлж байх юм. Угтаа янжуураас хэд дахин илүү хорыг электрон тамхи агуулдаг гэх. Никотин гэх бодис бий. Никотин нь байгалийн гаралтай алкалоид бөгөөд маш хүчтэй донтуулагч бодис. Янжуур тамхинд агуулагдах никотины зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 1.3 мг байдаг. Гэтэл зарим электрон тамхинд энэ үзүүлэлт 25-100 мг байна. Нэг ёсондоо маш хүчтэй дотуулна гэсэн үг, аймшиг. Мөн электрон тамхинд агуулагдах зарим нэгдлүүд 215-аас дээш хэмд халахдаа хүний биед хавдар үүсгэгч бодисууд болон задардгийг ч эрдэмтэд нотолсон.
Дэлхийн тамхины төв байгууллагаас 2022 онд гаргасан судалгаагаар 37 улс электрон тамхи худалдаалахыг хориглоод байгаа. Харин Австри, Белги, Канад зэрэг 73 улс худалдаалахыг зөвшөөрсөн ч борлуулах үйл ажиллагааг нь хуулиар нарийн зохицуулсан байна.
Манай орны тухайд электрон тамхины хэрэглээг журамласан ямар нэгэн зохицуулалт байхгүй. Бүр огт байхгүй. Хүссэн болгон нь хүссэн газартаа л хэрэглэж, “гангарч” байна. Эрхгүй нэг худалдаж авахад нь нас заах ч тэр хангалтгүй. Насанд хүрсэн нэгнээр л авхуулчихдаг бололтой, арван жилийнхэн ч “амтанд нь орчихсон” л яваа харагдах.
Гангараа, соёл гээд итгэчихсэн нь дийлэнх. Гараад харахад л мэдэгдэнэ дээ. Гудмаар дүүрэн “соёлоо хүлхсэн” залуус. Асуудал бодитоор байна. Электрон тамхины хэрэглээг “танах” зохицуулалт бидэнд хэрэгтэй байна.
Ядаж залуус маань өөрсдөө судалдаг, ухдаг, ухаардаг баймаар. Өнөөдрийн биш хойчийн үр дагаврыг нь цэгнэмээр л. Ер нь залуусын ухамсраас их зүйл шалтгаална. Тэд сэтгэлгээгээрээ эрүүлжихгүй л бол хэрэглээг хичнээн хязгаарлаад ч нэмэргүй. Шингэн тамхиндаа манараастай. Мөдхөн олноороо “талийгаастай л”...
Д.Сүрэн
Sanuulga.mn