Нийтийн унаанд хувийнх мэт аяглахаа больё, ядаж картаараа зорчъё
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудал үлгэр домог мэт л хэдэн он дамнан яригдсан. Утгаараа “үлгэр” болох ч дөхөв. Гэхдээ энэ оноос ахиц, дэвшил гарч хэдэн зуун шинэ автобус нийслэлд орж ирлээ. Дахиад ч орж ирнэ. Ард олон ам сайтай л байна. Аа гэхдээ бидний өмнө буй бүх асуудал ингээд л шийдэгдчихэж байгаа юу гэвэл үгүй л...
Мэдээж түжрэлд нөлөөлж буй олон хүчин зүйлс бий. Их багын зэрэг. Биднээс хамаарах, үл хамаарах гээд л. Зүй нь бол бид өөрсдөөс хамаарах асуудлуудыг, алдаануудыг олж харж, засаж, засахыг хичээж, улам төгөлдөржүүлэхээр мэриймээр байгаа юм.
Наад зах нь гэхэд л нийтийн тээвэрт соёлтой үйлчлүүлж дадмаар байна. Орж ирээд картаа дарчихдаг, сандал, суудал дээр нь цэвэр цэмцгэр суучихдаг, хогоо эмхэлчихдэг, хувийн бус нийтийн унаанд зорчиж яваа гэдгээ ухамсарлачихдаг баймаар. Тийм байх нь л гоё, сайхан.
Хараад байх нь манайханд нэг тийм муухай зан байна. Бэлэн мөнгөөр зорчино. Зарим нь бүр картаа ч уншуулахгүй “пээдийнэ”. Хувийн унаандаа явж байгаа мэт л хөл, гар нь энд тэндгүй “тэнэнэ”. Ариглах, хайрлах сэтгэл огт үгүй. Дур зорго нь давамгайлна. Ийм байж болохгүй ээ. Ийм байвал нийтийн тээвэрт хичнээн парк шинэчлэл хийгээд ч тусыг эс олох шүү дээ. Байг гэхэд картаа уншуулж хэвшье. Тэр чинь нийтийн тээврийн хөгжилд дэм болох маш том хөрөнгө оруулалт гэдгийг л саначихмаар.
Ингээд дурдаад байвал асуудлууд их байна. Дарга нарыг гоочлох биш өөрсдөө эхлээд өөрчлөгдөх өнцгүүд их байна. Энгийн жишээ нь л дээрх. Соёлтой хотын соёлтой иргэн байна гэдэг асар том үүрэг хариуцлага, ухаан. Өөрсдөө эхлээд соёлжих. Түүний дараа өрөөлөөс ихийг шаардаж, өөрийн оршин буйгаа төвхнүүлэх, хөгжүүлэх, соёлжуулах...
Д.Сүрэн
Sanuulga.mn
Тийшдээ гэртээ буйдан дээрэ сууж байгам шиг алцайгаад суучина.хүн ихтэй хөл гар хаана гэгчээр явж байхад үнэн өлөн эргүү болцгоосон
Хүмүүсээ бас усанд ороочээ үнэр танар чинь ямар юм бэ ичиж санаа зовоочээ