Ядахад А.Адьяасүрэн өвдөг шороодчих юм
Өнөө “муу” Д.Мөнх-Эрдэнийг давж заалдтал Дээд шүүх хэлэлцдэггүй юм байна. Арга барсан эхнэр нь, дарга нарт хандан захиа бичээд, хорихын хатуу Батхуяг гэгч даргаас аюуж байгаагаа хэлээд, асуудлыг эерэг шийдээд өгвөл ахиад лайв хийлгэхгүй ээ гээд өчиг өгч байна.
Ялих шалихгүй, таван зуун мянган төгрөг шамшигдуулсан хэрэгтэй Д.Мөнх-Эрдэнэ гар гэрт түгжигдсээр. Нүүрсний дөчин их наядын асуудлаар, өөрөө бол жагсаалын асуудлаар хоригдсон гэх Б.Ганхуяг өчигдөр бие муудсан гэнэ.
Т.Бадамжунай гуай бас тэгсэн гэнэ. Б.Ганхуягийг хамгаал аа, хамгаалах учир үндэсний эрх ашгийн үүднээс байнаа гээд манай сайт бичээд л байгаа. Тэр хүн нүүрсэд намаараа буруутай гээд Ардын намаа хэлээд байгаа.
Ардын нам ганц Ганхуягт бүгдийг үүрүүлээд “цааш хийж” огт болохгүй. Б.Ганхуяг ганцаараа дөчин их наядыг туугаагүй, дөчин тэрбумын л асуудал өөртөө хамааралтай байх тухай хэлээд байгаа.
Урдаас нүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранхүү гэж хүнийг авчирна гэнэ. Зайлуул, нүүр амаа өөрчилсөн бололтой юм. Хурууны хээгээ өөрчилж дөнгөөгүй юм уу даа.
Ш.Раднаасэдтэй холбоотой гээд сэвсэн. Раднаасэд нь тиймгүй гэж байна лээ. Улирагч дөрвөн жилд энэ хүн Ардын намын зодуурын хүүхэд байх шиг боллоо. Одоо ч зодсоор.
Улс төрчид усны хөвөөнд уулздаг болж гэнэ. Уурга барьж, ус хараад юм ярьдаг бололтой юм. Ц.Мөнх-Оргил нар Булганд ингэж уулзаж, сонирхолтой нь “Азаргын гол чонот”-ын Б.Отгонбаатар байсан гэх.
Сахал Ж.Бат-Эрдэнэ, “МАК”-ын эзэд бас байсан гэх. Цэндийн Мөнх-Оргил тэрхүү Б.Отгонбаатарыг баригдаад явахад нь хамт байсан гэдэг. Одоо ч хамтаараа л бололтой. Усны хөвөөнд юу ярьсан байх вэ, сонин л учиг.
Эрдэнэс Монголоос хөлбөрсөн Д.Хаянхярваа мөн байсан гэнэ. Аваргууд зүгээр ч нэг уулзаагүй, тул барих, тул бариулах ажил хийв үү, яав. Ардчилсан эмэгтэйчүүд чуулаад “Гэнэтийн олз” хэмээгдэхийн охин Б.Жаргаланг даргалуулахаар болсон шиг байна. Үе дамжин төрөө бариад байж дээ.
Улс орон нь урагшилдаггүй. Ингээд л яваад байгаа улс даа. Б.Жаргалан гэдэг хүүхэн Ардчилсан намаас ирэх сонгуульд шууд гишүүн болж таарах нь. Одоо энэ хүүхэнтэйгээ барьцаад Ц.Нямдоржийн, Р.Гончигдоржийн, Ө.Энхтүвшингийн, Ч.Ганзоригийн нь хүүхдүүд шаагилдах юм байх даа, Их хурал руу.
Цэр нь цээжинд, бөөр нь бөгсөнд байх нь, нэгэнт өнгөрсөн улс юм уу, эрх баригчид аа, ард түмээн. Нам төрийг баригч Д.Амарбаясгалан баахан хүн дагуулаад Герман одож. С.Баяр, Д.Тогтохсүрэн, А.Ариунзаяа, Т.Доржханд, мөн Л.Гантөмөр, С.Баярцогт, О.Цогтгэрэл нарын ардчилагчид. Их хурлын хуулийн дэгийг судлах ажлын хэсэг гэх.
Мань Д.Амарбаясгалан хошуучлан Лондонд нэг буугаад наашлан Германд эд нартайгаа улс төрийн будаатай хуурга зуурах нь шиг байна. Ирэх сонгуулийн будааг хэрхэн агшааж, ямар хольц тааруулахаа л найруулах хэсэг гэж хэвлэлд бичсэн байна.
Чуулганы урд өдөр ирэх тэд Берлинд нэг тиймэрхүү юм “зуурч” яваа нь мэдээж байх. Энд Женко бухимдаж суугаа байх даа. Ядахад А.Адьяасүрэн өвдөг шороодчих юм.
Б.БАЯР
Эх сурвалж: Амлалт.мн