Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

С.Тулгатай шигшээг олимпт харъя, олноороо тийн хүсэж байна

С.Тулгатай шигшээг олимпт харъя, олноороо тийн хүсэж байна

Монголчууд багийн спортоор хэзээ ч амжилт гаргахгүй. Ялангуяа сагсанбөмбөгийн спортоор. Гаргалаа гэхэд ойрын 100 жилдээ лав “гялайхгүй” гэж гадаадынхан элдэвлэдэг байв, саяхныг хүртэл. Бид өөрсдөө ч тийм сэтгэхүйд хүлэгдчихсэн, бусдын үгүйсгэлд итгэчихсэн, олон улсын тэмцээнд эх орныхоо багийг дэмжээд, Монгол гэж омогшин хашхирах өдөр хэзээ ч ирэхгүй юм шиг л аашилж, аягладаг байв.

Гэхдээ бидний болоод бусдын бодол өөр, ахархан байсныг нэг хүн тодоор баталж өгсөн. Монголчууд багийн спортоор, тэр тусмаа сагсанбөмбөгийн спортоор амжилт гаргаж чадахыг, чаддагийг, сэтгэл, зүтгэл, итгэл байвал бүх зүйл болдгийг тэр л хүн бодитоор харуулсан.

Өнөөдөр дэлхий биднийг өөрөөр харж эхэлсэн. Харин тийн дэлхийд өөрөөр үнэлэгдэх өнцгийг зурагласан эрхэм нь 3x3 сагсанбөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан, саяхан ажлаасаа үндэслэлгүйгээр “хөөгдөөд” буй  МУГД С.Тулга гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

С.Тулга сагсанбөмбөгийн төлөө бүхнээ зориулсан. Тэр тусмаа 3x3 төрлийг Монголд хөгжүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмрийг оруулсан, холбоог үндэслэсэн. Оргүй хоосноос гайхамшгийг бүтээсэн. Одоо харин тэр гавьяагаа зохих ёсоор нь үнэлүүлж чадахгүй байгаа нь л харамсам. Олимт орох мөрөөдөл тээн өнөөг хүртэл зүтгэсэн түүний хөдөлмөрийг, хүслийг хэсэг бүлэг хүмүүсийн мөнгөнд дулдуйдсан шунал мохоож байгааг харах тун чиг гутамшигтай. Сагсанбөмбөг сонирхогчид бухимдаж байна. Хэсэг бүлэг бизнесменүүд сагсанбөмбөгийн холбоодыг самарч, шинэчлэл нэртэй будлиан хутгаж буйг эсэргүүцэж байна.

Амьдралынхаа 10 гаруй жилийг хүслийнхээ төлөө зольж, байр, машинаа барьцаалж, зарж, мөнгө босгож, залуусаа тэмцээнд явуулахын төлөө байдгаа барж, өөрөө сэтгэлээрээ цадаж явсөн С.Тулгын хүчинд л 3x3 төрлөөр Монголын шигшээ баг цойлсон. Хоёр удаа Азид магнайлж, дэлхийн шилдэг наймд багтаж, олон улсын тэмцээнээс 20 гаруй шагналыг авч. С.Тулгатай шигшээ ийм л омголон байв. Харин С.Тулгагүй шигшээ хэр байна вэ?

Спорт бизнесээс ангид байх ёстой. Тэгж гэмээнэ л амжилт жинхэнэ утгаараа “үрсэлдэг” хуультай. Гэтэл өнөөдөр Монголд дүр зураг арай л өөр байх шиг. Спортыг мөнгө гэж харсан Монголын 3x3 холбооны тэргүүн, “М-Си-Эс”-ийн тодотголтой Л.Мягмаржав, МСБХ-ны ерөнхийлөгч, “Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл тэргүүтэй хүмүүс сагсанбөмбөгийн холбоодыг удирдаж байгаагаас үүдээд балаг ундарч байна. Үнэнхүү сэтгэлтэй нь хохирч, С.Тулга мэт “араасаа өшиглүүлээд” үлдэж байна. Ийм байж таарахгүй. Ийм шударга бус зүйлийг спорт сонирхогчид ч хүлцэхгүй.

Өөрчилж болно оо, шинэчилж болно “бизнесменүүд ээ”. Гэхдээ болж, бүтэж байгаа руу нь, систем рүү нь бигий ингэж гүн халдаасай. “Бүтээгч” рүү нь битгий нулимаасай.

Өнөөдөр С.Тулга Азийн наадамд залуусаа дэмжихээр хэвлэлийн ажилтны үнэмлэхтэйгээр, хувиасаа зардлаа гаргаад очсон харагдана. Энэ их сэтгэл, спортоо гэх тэмүүллийг нь яалтай.

Тайлбар байхгүй.

Монголын сагсанбөмбөг сонирхогчид С.Тулгатай шигшээг олимпт харахыг хүсч байна. С.Тулгын мөрөөдөл биелэх тэр мөчийг харахыг хүсч байна. Үндэсний шигшээн багана нь С.Тулга, байсаар ч ирсэн. Тиймээс тэр баганыг тийм амар ганхуулах эрх хэнбугайд ч үгүй...

Д.Сүрэн

Sanuulga.mn    

 

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 17 Хаха 2 0 Буруу 1 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)