Г.Занданшатар дарга үгээ бэлдэж байгаа байх!
Оросын Думын дарга Вячеслав Володин Чингис хааны хөшөөнд хүндэтгэл эс үзүүлэв гээд шуугиж байна. Янз янз л тайлбарлаж байна. Их хааны удам сударт ихээхэн дарагдаж байсан эртний түүхийн агуулга, бас бус олон зүйл яригдаж байна. Юутай ч дипломат ёс горим гэж байдаг.
Мань Володин түүнийг их анзаардаггүй эр шиг байна. Түүнийг ирэхийн өмнөхөн манайхан шатахууны асуудлаар яриад л байх шиг байсан. Володин гуай ирээд түр хязгаарлалтад танайх үл хамаарна гэж баахан эерэг өнгөнөөс, бас дээрээс дуугарсан шиг байна. Шатахуун хараат байхын агуулгыг төгс мэдрүүлж байна л даа.
Манай улс шатахуунаа хийдэг үйлдвэртэй болъё гээд Алтанширээд ажиллаад асар удаж байна. Ухарсаар, ухарсаар, хамгийн сүүлд Сангийн Б.Жавхланы хэлснээр бол 2027 онд горь үүсгэсэн.
Володинийг ирэхийн өмнө Баабар нэг нийтлэл бичлээ. Володин хэн болох тухай бичсэн байсан, нийтлэлийн сүүл хавсаргыг Х.Баттулгад дайж харагдсан. Тийм ч тэнэг хүн биш гэх байдалтайгаар өгүүлбэрүүд дагалдуулсан байна лээ. Монгол Улсад мухар явдлууд энэхүү шатахууных шиг олон байна.
Н.Удаанжаргал гэдэг хөдөлмөрийн баатар Улсын Ерөнхийлөгч, Зам тээврийн, Уул уурхайн сайдаа байлцуулан нэг төмөр зам нээгээд явж одсон. Аргентин, Сингапур, Малайзаар сураг гардаг. Энэ хүнийг авчиран, нүүрсний хэргийн явдлыг шүүмээр байна гэж бичицгээх. Гэтэл Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёрыг удахгүй шүүнэ гэж байна. Хэлэлцүүлгүүд нь үргэлжлээд байгаа. Н.Удаанжаргалгүйгээр шүүх хурал нь хил даваагүй мухар зам шиг мухардвал яах юм бол. Нүүрсний нэг сонин холбогдогч байгаа.
Нүүрсээр төлөлцөх баахан офтейк гэрээний эзэн Д.Баясгалан гэж хүн бий. Энэ хүн Сингапурт байгаа гэх сахал Д.Эрдэнэбилэгийн “Эрдэнэт”-ийг авчирсан 400 сая доллараас долоо найм дахин ихийг Эрдэнэс таван толгойгоос авсан гэх.
Тавантолгой төмөр зам түүний бүтээл. Таван толгойн мухрыг терминал болгох ажлаар Хууль зүйн сайд яваад байгаа. Боомтын Б.Тулга, Зам тээврийн С.Бямбацогт нар хийж баймаар байна гэж нийгэм хэлээд байгаа. Энэ бас л ажил үүргийн давхардлын нэг мухардал.
Нүүрсний хэргийн сонсгол гэж бас нэг мухардал байгаа. Х.Нямбаатар сайд ажлаа урагшлуулж байна гэж ойлгогдохоор буй. Хятадад энэ асуудлаар прокурорныхонтой уулзах шиг боллоо. Нүүрсний асуудлаар ганцаараа хоригдож байгаа Б.Ганхуягын хоёр жилийн өмнөх агсралд “за , за” гэж дохьсон баримт бүхий мэдээлэл хэвлэлээр гараад байгаа.
Хишгээгийн Нямбаатар нүүрсний хулгайн сонсголыг мухардуулахгүй хийх аргыг эрсээр байгаа гэж нийгэм харж байх шиг байна. Нүүрсний хэргээр намын даргаа хүртэл дуудаж байгаа Б.Ганхуягийн асуудлыг, эзэн холбогдогчийг ганц Б.Ганхуягаар хязгаарлах бодлого байгаа бол нийгэм үнэхээр хүлээж авахгүй. Тийм ч учраас Б.Ганхуяг “орилоод” байгаа харагдах.
УИХ-ын чуулган ирэх долоо хоногт нээгдэх байх, Г.Занданшатар дарга үгээ бэлдэж байгаа байх. Дорвитой үг хэлмээр байна. Ялангуяа хувийн хэвшлээ дэмжсэн, баялаг бүтээгчдээ урамшуулсан, хулгай худлыг даруй шийдэхийг зарчимласан сайн үг хэлмээр байна.
Үүнийгээ Засгийн газартаа ивсэн сайн үг хэлмээр байна. Хулгай ихтүүдийн нийгэмд үүсгэсэн элдэв бамбайгаар шахагдан, хуулийн өмнө ажилласан баялаг бүтээгчид, татвар төлөгчид, жирийн бизнесмэнүүд хохирох учиргүй.
Б.БАЯР
Эх сурвалж: Amlalt.mn