Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

“Акуа” яах вэ, авлигач, хулгайчдынхаа сүлжээг л утгаар нь “нураая”. Хувийн хэвшлүүдээ дэмжье

“Акуа” яах вэ, авлигач, хулгайчдынхаа сүлжээг л утгаар нь “нураая”. Хувийн хэвшлүүдээ дэмжье

“Акуа гарден” хотхоныг нураах эсэх асуудал олны анхаарлын төвд байгаа. Хотын дарга Д.Сумъяабазар “Яадаг ч байсан нураана” гээд мэдэгдчихсэн, тэр чигийн захирамж, шийдвэрүүдийг гаргаад явж байх шиг байна. Иргэд ч дэмжиж байгаа нь илт.

Харин “Акуа гарден”-ы төслийн ажлыг гүйцэтгэгч “Эм энд жи констракшн” компанийн зүгээс сөрөг байр суурийг илэрхийлж байгаа. “Авлига хороолол” гэсэн гуншинтай л болохоос үүний ард ямар нэгэн хуулиас гадуур эрх ашиг байхгүй, үйлчлээгүй. Бид тухайн үеийн хотын удирдлагуудын гаргасан захирамж, шийдвэр, зөвшөөрлийн дагуу л барилгын ажлаа эхлүүлсэн. Тийм байхад одоо биднийг буруутгаж, хөрөнгө мөнгө зарж, асар их хүч хаяж бүтээсэн бүхнийг минь нураана гэдэг утгагүй, шударга бус хэмээн учирлаад байгаа. Арга ч үгүй юм, Асуудлыг өргөн өнцгөөр аваад үзвэл “Акуа гарден”-ынханд буруу өгч боломгүй тал бас бий.

Сүүлийн жилүүдэд манай төр хувийн хэвшлүүдээ дэндүү ихээр хавчин шахаж ирсэн нь үнэн. Бизнесийн бүхий л талбарт төрийн гар шургалж, бор зүрхээрээ яваа хэдхэн муу баялаг бүтээгчдэдээ “шавхруу долоолгосоор” өнөөтэй золгосон. Угтаа бол төр баялаг бүтээдэггүй. Хувийн хэвшлүүд л баялаг бүтээдэг, мөнгө босгодог эдийн засгийг үнэмлэхүй “угждаг”. Тиймээс төр тэдэнтэйгээ “тэмцэх” бус харин ч дэмжих учиртай юм.

Одоогийн засаг ч энэ чигт анхаарч, хувийн хэвшлүүдээ дэмжих, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, идэвхжүүлэх талын бодлого, шийдвэрүүдийг сэтгэж, албажуулахаар мэрийж байх шиг байна. Нүдээ олсон л ажил мэт.

Бид хувийн хэвшлүүдээ дэмжих тал дээр урагшлах цаг нь эрхгүй болсон. “Акуа гарден”-ы жишээ шиг төр өөрийн буруугаа хувийн хэвшилд тохож, бүтээсэн баялагийг нь үгүй хийнэ гэж зүтгэдэг, үгүй ээ бүр зарим тохиолдолд өөрийн мэдэлд авна гэж муйхарладаг бурангуй тогтолцоог халах л хэрэгтэй. Төр оролцоод ирэхээр л бизнес ч байсан, өөр юу ч байсан утгаа алдаад эхэлдэг. Арай өөр эрх ашиг үйлчлэх, шударга гээчийн мөн чанар алдагдах нөхцөл бүрдээд.ирдэг,  

“Акуа гарден”-ыг нураах эсэх яах вэ. Хуулийнхаа хүрээнд шийдэгдэх л хэрэг. Аа харин үүнээс нэт анхаарах асуудлууд бидэнд олон буйг мартаж болохгүй. Зүй нь бол бид баялаг бүтээгчидтэйгээ бус хулгайчидтайгаа, дөчин их наядаар нь ард түмнийхээ боломжийг халаасласан “ширэн нүүртнүүдтэйгээ” л тэмцмээр байгаа юм. Авлигач, албан тушаалаа урвуулан ашиглагч, нийтийн өмчийг өөрийнх мэтээр аяглан даврагчдын бусар сүлжээг утгаар нь” нураахаар” шуургалмаар байгаа юм. Нураамаар байгаа юм...   

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)