Э.Бат-Амгалан: 2023 онд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд эрт илрүүлгийн оношлогооны төв байгуулна
Өнгөрсөн 10 дугаар сарын 25-нд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан дүүргийнхээ сонгогчидтой уулзаж, хоёр томоохон амлалтыг өгчээ.
Тэрбээр “Төвийн зургаан дүүргээс Баянзүрх дүүрэг ганцаараа нэгдсэн эмнэлэггүй.
Бид 2020-2024 онд Баянзүрх дүүрэгт 300 ортой олон улсын жишигт нийцсэн эмнэлэг барихаар төлөвлөж, газрын асуудлыг нь шийдсэн. Зураг төслийг нь Барилга, хот байгуулалтын яаман дээр хийж байна.
Санхүү, төсвийн асуудал хүнд байгаа. 100-130 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо бий.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биднийг дэмжиж байгаа.
Нийгэм эдийн засгийн нөхцөл байдал сайжрахаар ямар ч байсан энэхүү 300 ортой эмнэлгээ барьж, байгуулна гэдгээ хэлье.
Мөн миний бие Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт санал тавиад, Ж.Чинбүрэн гишүүнтэй хамтран, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд эрт илрүүлгийн оношлогооны төв байгуулахаар болсноо мэдэгдье.
Энэхүү бүтээн байгуулалтыг 2023 онд багтааж ашиглалтад оруулна. Газрын асуудал шийдэгдсэн, тендер зарлагдсан” хэмээсэн байна.