Нэг алдаанаас үүдэж нийтээр нь харлуулж болохгүй
Амьд болон амьгүй донороос эд эс, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой асуудал хөндөгдөж, сүүлийн өдрүүдэд нийгмийг донсолгож байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг том зүйлийг ил болгосон. Ил болгосон нь сайн. Гэхдээ энэ хэрэгт тун няхуур хандах шаардлага байсныг олж хараагүй нь харамсам.
Эмч нар алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Энэ но анхных гэдгийг ч давхар онцолсон. Олон олон хүний амь насыг аврах чухал ажлыг бид хийдэг, эд эс, эрхтэн шилжүүлэн авах нь туйлын нарийн процесстой ажил гэдгийг ч эмч нар учирлаж байв. Тийм байхад сэтгүүлч хэтэрхий нэг талыг барьж, нэг алдаанаас улбаалж, нийтээр нь харлуулах өнгө аястай мэдээлэл түгээсэн нь олныг бухимдуулж байна.
Эрүүл мэндийн салбарынхан шогширч байна, халаглаж байна. Бүхэл бүтэн салбарын нэр хүндийг унагаж, олон олон хүний буянт үйлсийг үгүйсгэлээ хэмээн шүүмжлэлт үгс дайж байна. Аргагүй ч юм.
Мэдээж Өнөрөө сэтгүүлч гурвын гурван хүүхдийг орон байртай болгож, өр ширийг нь цэгцэлж өгсөн гавьяатай. Тэр энэ үйлдээ хүндлэл хүртэх эрхтэй. Гэхдээ одоо асуудалд арай нэг өөрөөр, ул сурьтайгаар хандмаар байна. Нийгмийн оюун санаанд ямар ой суулгаж байна вэ гэдгээ ухаарах учиртай. Тал талын байр суурийг тэнцвэртэй хүргэж, мугуйдлалгүй ажиллах ёстой.
Эрүүл мэндийн салбарт асуудал их бий. Гэхдээ түүн дээр нь дөрөөлж, эрүүл мэндийн салбарын ажилтнуудаас илүү муу, муухай хүмүүс байхгүй мэтээр, тэд байнга л но-той үйлдэл хийж, гаргаж байдаг мэтээр сөрөг ойлголтуудыг нийгэмд өгөөд байвал цаашид юу болох вэ. “Алтан гартнуудад” итгэх олны итгэл саарч, бүхэл бүтэн салбар сүйрч, түүний цаана олон олон хүн хохироход хүрнэ. Тиймээс хэвлэл нь ч иргэд нь ч асуудлыг өргөн өнцгөөр нь харж, өргөн дүгнэлт хийх хэрэгтэй байгаа юм.
Ядаж л алдаа гаргасан хүмүүст нь төвлөрч асуудлыг тэр хүрээнд нь л хөндөж, шийдмээр байна. Тэгэхгүй бол горьгүй. Нэг алдаанаас үүдэж нэлэнхүйд нь салбарыг шалбаагт унагаж болохгүй...
Д.Сүрэн
Sanuulga.mn