Х.Нямбаатар: Аюуд таурын хувьцаа эзэмшигчидтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа
Хятад улсын иргэдийн хөрөнгө оруулалттай Хуашин констракшн барилгын компанитай хамтран ажиллаж, хотын төвийн байршил дэх "Аюуд таур" барилгыг барихдаа хөрөнгө оруулалт татаж байсан Монголчууд хуурамч бичиг баримт ашиглан хятадын хөрөнгө оруулагчдаа хохироосон байж болзошгүй тухай мэдээлэл хэвлэлээр гарсан.
Үүнтэй холбогдуулан манай сайт Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас тодруулга авлаа.
Тэрбээр хэлсэн үгэндээ "2015 онд болсон үйл явдал байна лээ, хөрөнгө оруулалтын хэлцэл дээрх гарын үсэг нь хувьцаа эзэмшигчийн гарын биш, хуурамч болсон байна гэдгийг шүүх шинжилгээний байгууллага тогтоосон гэсэн мэдээлэл ирсэн. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Улсын бүртгэлийн даргаас энэ асуудлын талаар холбогдох байгууллагуудад хандан энэ асуудлыг шалгаж өгөх бичиг ирүүлсэн. Үүнд нь тулгуурлан миний бие энэ асуудлыг нягталж, эрх ашиг нь зөрчигдсөн иргэдийн хууль ёсны эрх ашгийг сэргээх чиглэлээр хуульд заасны дагуу ажиллаж өгөөч гэдэг албан бичгийг Цагдаагийн болон прокурорын байгууллагад өнөөдрийн огноогоор уламжлан явууллаа. Эрүүгийн цагдаагийн газраас энэ хэргийг шалгаж холбогдох хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад илгээсэн тухай мэдээллийг өнөөдөр надад өгсөн. ХЗДХЯ хэрэг шийдвэрлэдэг байгууллага биш гагцхүү хуульд нийцсэн чиг үүргийг хэрэгжүүлэхийг л холбогдох байгууллагад уламжилдаг. Удахгүй энэ бичгийн дагуу тодорхой ажлууд хийгдэх байх гэж найдаж байна" гэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын хэлснээс харахад Аюут таурын монгол талын хувьцаа эзэмшигчид гадны хөрөнгө оруулагчдыг залилсан, хуурамч бичиг баримт ашиглан "дээрэмдсэн" байж болзошгүй нөхцөл үүссэн бололтой байна. Удахгүй энэ асуудал илүү тодорхой болно биз. Бид тухай бүрд нь мэдээлэх болно.
А.Галт
Sanuulga.mn