Өмгөөлөгчдийн гомдлоос шалтгаалж удааширсан Т.Бадамжунайгийн хэргийг Даваа гарагт шүүхэд шилжүүлнэ
ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг "Шувуу" ажиллагааны хүрээнд өнгөрөгч дөрөвдүгээр сард Филиппин улсын Сэбү хотоос авч ирэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж буй билээ. Өнгөрөгч долоодугаар сард түүний хэргийг АТГ-аас шалгаж дуусаад прокурорын байгууллагад шилжүүлээд байсан. Тэгвэл ирэх Даваа гарагт шүүхэд шилжүүлэхээр болжээ.
Гэвч олон нийт түүний хэргийн явц удаашралтай байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. Харин хэргийн оролцогч нарын өмгөөлөгч нар ээлжлэн гомдол гаргаж байгаа нь хууль хяналтын байгууллагуудын хэрэг хянан шалгах процесст хүндрэл учруулж буй юм. Учир нь холбогдох хууль тогтоомжийн дагуу өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг заавал авч хэлэлцэх ёстой байдаг.
Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
Эх сурвалж: Ubn.mn