Г.Ёндон: Ажилчдын цалинг 50% нэмэхгүй
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын уурхайчид, ажилчид цалингаа 50% нэмүүлэх шаардлага тавьж, улмаар ажил хаялт зарлаад буй. Тэгвэл тус үйлвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон мэдэгдэл гаргаж, ажилчдын цалинг 50% нэмэх боломжгүй гэдгээ онцолжээ.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон:
-Бидний зүгээс 2024 онд 15%, 2025 онд 15%, 2026 онд 15% -аар шат дараатайгаар нэмэх санал тавьсан. Энэ нь 45% нэмэгдэх боловч өмнөх нэмэгдэлтэйгээ нийлээд 56% нэмэгдэж буй үзүүлэлт юм. Гэвч хэлэлцээрт сууж буй Үйлдвэрчний эвлэлийн нөхөд үүнийг хүлээж аваагүй, 50 гэдэг тооноос өөр тоо мэдэхгүй юм шиг хурлыг хаяж гарсан. Тийм учраас бидний тавьсан санал хэвээрээ байгааг хэлж байна.
Цалинг 50%-аар нэмэх нь төсөвт 220 гаруй тэрбум төгрөгийн дарамт ирэх учир 50% нэмэх боломжгүй. Нэг хүн сонгуульд ялахын тулд ямар ч тооцоо судалгаагүйгээр санаанд оромгүй тоо хэлж байгаа нь бидний хэлэлцээг мухардалд оруулж байна.
Ер нь Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалин Үйлдвэрчний эвлэлээр хамгаалуулах хэмжээний хохирсон гэж бодохгүй байна. Монгол Улсын цалингийн дундаж/1 579 000/-тай харьцуулахад Эрдэнэт үйлдвэрийнх 4 сая 26 мянга байгаа нь 2,5 дахин өндөр байна. Уул уурхайн олборлох салбараас 1,5 дахин өндөр буюу 5,5 сая төгрөгийн цалинтай байна, гэсэн юм.