Ж.Сүхбаатар сайд Д.Батзоригтойгоо ингээд, иймэрхүү лоосуутай ажиллавал ирэх жил сонгуульд нам чинь яах аргагүй шаварт зоогдож тун мэднэ дээ
Жамъянхорлоогийн Сүхбаатар гэж их л ууртай хүн байх юм. Хувийн машиныг хязгаарлах тухай уурсангуй л яриад байх шиг байна. Тэгш сондгойн зохицуулалт зөв биш нь ойлгомжтой. Арга ядарсан, аргаа барсан л зохицуулалт. Түгжрэлийг бууруулна л гэж сайд болсон. Бууруулахаас аргагүй. Төсөв авсан, дөрвөн зуун гучин тэрбум. Бараг хагас их наяд төгрөг. Их мөнгө дөө. Үүгээр юу хийж байгаагаа Ж.Сүхбаатар сайд уурлалгүй учирлаж, мугуйдлалгүй тайлбарлан тайлагнах хэрэгтэй.
Захиран зарцуулах эрх нь мутарт нь оччихсон л юм гэнэ лээ шүү дээ. Муу л бол хойт хар овоохой гэгчээр хотын мээр Д.Сумъяабазар дээр хамаг буруу асгагдаж, тэр хүн зүгээр л түгжрэлийн гол буруутан болж.
Д.Сумъяабазарын ачаанаас үүрэлцэх гэж, түгжрээг нь бууруулалцах гэж Ж.Сүхбаатар сайд болсон байх. Ж.Сүхбаатар хууль сайн мэддэг хүн. Хуулиа сайн мэдэхийн хэрээр түгжрэлийг бууруулахыг бодож чадах хүн. Тэгээд яагаад бууруулж чадахгүй байгаагаа тэгш сондгойг ярилгүй нэг бүрчлэн ярьж, ард түмэндээ ойлгогдох хэрэгтэй.
Г. Занданшатартай Сөүлд яваа харагдсан. Сөүл яаж гацаа түгжрэлээ шийдсэнийг харж л яваа гэж ард түмэн харж байх шиг байна. Ж.Сүхбаатарын "цэрэг", түгжрэл бууруулах нэгжийн захирал Д.Батзориг гэж хүн байх шиг байна.
Түгжрэлийг ингэж бууруулав гэж мэдээлэгдэхийн оронд түгжрэлийг нэмэгдүүлж, 230 саяын ажлыг тэрбумаар гүйцэтгэжээ гээд бичигдээд байна, энэ хүн. Яармагт тэгж их бүтээн байгуулалт хийтэл, яг тэр дор нь ард түмэн үнэнийг нь мэдээлээд байх шиг харагдах. Ж.Сүхбаатар сайд Д.Батзоригтойгоо ингээд, иймэрхүү лоосуутай ажиллавал ирэх жил сонгуульд нам чинь яах аргагүй шаварт зоогдож тун мэднэ дээ.
М.БАЯС
Sanuulga.mn