Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

​​​​​​​Дэвжүүлж байна уу, энэ дэд сайдууд!

​​​​​​​Дэвжүүлж байна уу, энэ дэд сайдууд!

Энэ Засгийн газрын дэд сайдуудыг хүмүүс хэрхэн дүгнэдэг бол. Янз янз л байгаа байх. Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай гээд байх. Чухам хэрхэн ажиллаж байгаа, ямар дэвшлийг хийж байгаа нь үл мэдэгдэх хүн байдаг.

Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга явсан, Баянхонгорын гаралтай, Г.Занданшатарын л хүнээр ойлгогддог. Эрчим хүчинд энэ дэд сайд хэрхэн гийгүүлэв гэхээр юм огт үзэгддэггүй. Б.Чойжилсүрэнгийн хөл дор хярсан л хүн байх. Сайдыгаа хагас коксжсон нүүрсээ түлж зогсоход нь ч дэргэд нь харагддаггүй.

Батлангийн дэд Б.Баярмагнай гэж бас байдаг. Хэвлэл мэдээллээр хааяа нэг баахан албархаг яриа өгсөн, прагматик ажил нь төдий эс мэдэгдэх л хүн бий. Ах дүү нараараа албан тушаалд одтой л хүн байх шиг байдаг. Нэг ах нь Беларусьт Элчин билүү дээ, Б.Баярсайхан гээд. Мань эрийг дүүргийн Засаг дарга байхдаа Сэлбэ голыг тохижуулах нэрээр нэлээд юм туусан гэдэг хэл ам гарсан ч шалгаж тогтоосон зүйлгүй тэгсгээд намжсан.

Барилгын яамны Э.Золбоо гэж бий. Ө.Энхтүвшин гэдэг Ардын намын архаг даргын хүүхэд.

Эдийн засгийн яамны Г.Түвдэндорж гэж “Торгоны зам”-ын Гантөмөр гэгчийн хүүхэд, банкир О.Чулуунбат агсны хүргэн байдаг. Цэвэрхэн залуус. Эцэг, хадмын, намын өнгөн дээр цэвэрхэн крандуулж яваа нөхөд. Барилгын яамыг, Эдийн засгийн яамыг сэгийлгээд, шинэ түвшинд ивээс болох юм хийж харагдахгүй л байгаа. Англи хэл, Америкт төгссөн гэдэг бамбайтай. Одоо ч англи хэлгүй хүн үгүй болж, Америк ч төгс загвар бас бус, хэрэг дээрээ Монголынхоо хөрстэй л зууралдмаар байна шүү дээ.

Г.Түвдэндорж төслийн хөрөнгө эх барьж, Э.Золбоо гэр хорооллыг барилгажуулж байна гэдэг мэдээ сураг гарахгүй л байгаа юм. Эсэргүү, По хочит М.Ганбаатар гэдэг нөхөр Байгаль орчны яаманд дэд сайд хийж байгаа. Таван толгой түлшийн захирал хийж хөө тортог нэг хэсэг болсон, бас ч гэж амьдрал гадарлах хүн байх. Байгаль орчны сайд, дэд сайд хийж байх бол Усны газрын З.Батбаяр байна лээ дээ. Ус гэж чухам юу болохыг мэддэг тиймэрхүү улс байгаль орчныг барьмаар.

По-гоос Сүхбаатар дүүргийн Ардын намын даргыг нь аваад Н.Учрал сайдад өгчихсөн. Сүхбаатар дүүрэгт уураг тархи ажиллаж байсан бол тэгээ ч үү, үгүй ч үү.

Сайд байснаа эрэмбэ бууж дэд сайд, төрийн нарийн болж байгаа хүмүүс байх. Эрчим хүчний сайд байчихаад Төрийн нарийн болдог Нансалын Тавинбэх гээд нэг хийсэн гавьяагүй нөхөр байна. Ер нь Монголын төрд ийм нэг жижиг гарууд байгаад байгаа нь инээдтэй. Өөрийгөө хүндлээгүй хүн өрөөлийг хүндлэх эргэлзээтэй. Зам тээврийн дэд Л.Халтар ялгаагүй. Энэ ангилалынх.

Ж.Эрхэмбаатар гэж хүн бий, Харилцаа холбооны яамны дэд сайд. Дориун хуульч шиг байдаг. Бие даагаад нэр дэвшиж байсан. Бие дааж байх үеийнхээ эрх чөлөөлөг агуулгаасаа няцаад л дэд сайд болчих шиг болсон. Д.Амарбаясгалангийн яг гарын хүн байх. Заримдаа “коммунист” маягийн зүйл ярьж, тийм чигийн үйлдэл үзүүлж мэдэхээр болсон үзэгддэг.

Хөдөө аж ахуйн дэд сайд М.Ганхүлэг гэж “нялх” залуу байдаг. Ерөнхий сайдын бүтээгдэхүүн байх. Дадлага туршлага тун хомс байх. Гэхдээ хандлага нь тун зөв залуу шиг ойлгогддог. Зөв байх, дадал сайн байх чухал л даа. Тэртээ тэргүй Монголын төр иймэрхүү чухал албаа дамжаа болгосон, туршилт болгоод удаж байгаа.

Туршилт туршлага гэснээс энэ Засгийн газрын хамгийн туршлагатай дэд сайд бол Сангийн дэд Санжаагийн Мөнгөнчимэг гэж ойлгогддог. Хөдөлмөрийн яамны дэд сайдаар дөрвөн жил, эдүгээ Сангийн дэд сайдаар мөн дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

Чухал, бодлогын суурь яамдын. Нэр цэвэр, чамбай эмэгтэй үзэгддэг. Сангийнхаа чигээр албан яриа, таниулга яг таг хийчихдэг нь анзаарагддаг. Илүү, дутуугүй байдаг. Тодорхой.

Хууль зүйн яамны дэд Б.Солонгоо бас гэж аятайхан эмэгтэй бий. Оюу толгойн зөвшлөөс эхлээд хийсэн, хэлэх юмтай хүн. Энэ засгийн эмэгтэй хоёрхон дэд сайд ч юм байна, эрчүүд дэлгэцээр дүүрэн цагийн энэ өнгөнд иймэрхүү туршлагатай нэр цэвэр, зөв эмэгтэйчүүд Ардын намд хэрэгтэй л юм даа.

Жендерийн бодлогоо цэгцэлж, квотоо нэмсэн гээд спикер Г.Занданшатар, энэ намын удирдлагууд сайрхаад байгаа байх аа.

Уул уурхайн дэд сайд О.Цэндсүрэн гэж хүн байдаг билээ. Жамбалын Ганбаатарынхаа буулга дороос үзэгдэж эс чадах, томилогдож байх үеийнх шигээ тодотгуулж байсан хариуцлагатай уул уурхайн хүнээ харуулж чадахгүй л байна даа.

Гадаад яамны дэд сайд Г.Амартүвшин яг ийм агуулгаар адилхан. Гүүш Гомбосүрэнгийн хүү гэдгээр нь нийгэм гадарлах.

Энэ Засгийн дэд сайдууд иймэрхүү л хүмүүс байна. Дэд сайдууд дэвжүүлэх сайдууд байх ёстой. Тийм үгүй бол дэд сайдаар төр юу дутаа аж.

Улс орны хөгжилд дэм тус хүргэхүйц ажил санаачилж хийдэггүй, сайдынхаа буулга дороос дээш гардаггүй, албан тушаалаа УИХ, Засгийн газар руу зүтгэх шат гишгүүр гэж хардаг дэд сайдуудыг чөлөөлж, ажлаа хариуцлагатай хийж чадах нэгнээр солих нь зүйтэй.

Б.БАЯР

Эх сурвалж: Амлалт.мн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)