Чойжоог Б.Балдорж дүүтэй нь хамжуулаад нүүрс коксжуулах үйлдвэр бариулъя гэж ард түмний төлөөлөл хэлээд байна
Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн хэсэг сэтгүүлчдийг урагш нь явуулж. Урагшлахын тулд урагш явуулж. Яаж урагшлах гээд байна гэхээр энэ зунжин, намаржин яригдаж байгаа коксжуулсан нүүрсний л асуудлаар урагшлах гээд байгаа шиг байна. Зөв л дөө, урагшлах нь хэрэгтэй.
Гэхдээ мань Чойжоо урагшлахын тулд олон ажил хийх хэрэгтэй ээ. Сонгууль дөхчихөж. Мань сайд Хан-Уулыг горилчихоод байгаа гэх. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар тойрогт дэвшинэ гээд өнөөдрөөс бичигдээд эхэлж.
Чойжоо сайдаас томилолт авсан сэтгүүлчдийн төлөөлөл Ордос, Хөх хотоор нүүрс коксжуулах хэд хэдэн үйлдвэрээр орж танилцсан байна. Тэд буцаж ирээд "ер нь давгүй бүтээн байгуулалт байдаг юм байна" гэсэн шиг үгс хэлж байна, хэлэх ч ёстой байх.
Тэгвэл энэ үйлдвэрийг тэртээд л яагаад барьчихаагүй юм бэ гэдэг асуулт тавигдаж байна, зүй ёсоор. Сайжруулсан түлш гэдэг юм түлж, утаа багасаж байна, багасахгүй байна гэж нийгмээрээ, Чойжоо өөрөө салхи хэрэгтэй, даарахгүй байх хэрэгтэй, дулаан бас хэрэгтэй гэсэн хачин сөрөгцсөн юм яриад хэдэн жил боллоо.
Үндсэн дэвшил гардаггүй. Ийм л учраас улс эх орны толгойд, УИХ-д гурав, түүнээс дээш суусан нөхдийг улс удирдуулах ямар ч боломжгүй харагддаг. Чойжоо одоо тав дахиа УИХ-д суухаар Хан-Уул дүүргийг горилоод, тэр дүүргийнхээ ард түмэнд хагас коксжсон нүүрс түлүүлэн туршилт хийнэ гэдгээ ил тодорхой зарласан.
Чойжоогийн багийнхан хоёр пийшин тавьчихсан галлаж үзүүлж байгаа харагдана лээ. Нэг пийшин нь илтэд бага утаатай байгаа нь мэдээж хагас коксын үр дүн байх. Өөрөө тэр туршилт дотроо давхиж яваа зураг нь байна.
Чойжоо одоо Эрчим хүчний сайд хийж байгаа юм бол ажлаа хийсэн шиг хийх хэрэгтэй. Яаж хийх үү гэхээр, гарц зөндөө байна. Жишээ нь, түүний төрсөн дүү Б.Балдорж гэж Дорноговийн Хөвсгөл, Мандах гээд олон сумдад үнэмлэхүй олон уурхайтай хүн байна. “Айл баян”, “Олон Ихт баян” гээд л. Энэ уурхайнуудаас маш их нүүрс олборлож, их наядаар нь эдийн засаг эргэлдүүлдэг гээд бичигдсэн нь цахимаар л нэг байх шиг байна.
Увсын гаралтай улсын арслан, аварга хүмүүс тэр уурхайг тойрч, тэнхээ тамир их ороод, эдүгээ одоо Чойжоо Хүрлээ ах хоёрынхоо шийрийг хатаанаа гээд Увсыг тойлоод эхэлсэн тухай Увсынхан бахархсан ч юм шиг, баалсан ч юм шиг өнгөөр ярилцацгаагаад удаж байна.
Чойжоо одоо энэ баян дүүтэйгээ хамжаад тэр Ордос, Хөх хотод байгаа шиг нүүрс коксжуулах үйлдвэрийг хэд гурваар нь барьчих хэрэгтэй юм. Улсыг хараад яана.
Эдийн засаг нь уудам болсон ах дүү хоёр ингэж л улс орондоо туслах хэрэгтэй. Уурхай нь байна, эрх мэдэл байна, тэдэнд.
Нэг нь хувийн хэвшлээ, нөгөө нь улсаа төлөөлөөд, ард түмнээ бодоод тийм үйлдвэрүүд барьчих. Өмчлөл нь мэдээж ах дүү нарынх л байх ёстой байх. Гол нь ард түмэн угаар утаанаасаа салмаар байна.
Энэ л утгаараа Чойжоог Б.Балдорж дүүтэйгээ хамжаад нүүрс коксжуулах үйлдвэр бариач, бариулъя гэж ард түмний төлөөлөл хэлээд байна.
М.БАЯР
Эх сурвалж: Amlalt.mn