Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

НАМААР БАМБАЙЛСАН БИЗНЕСИЙН ЭРИН ДУУСАХ ЦАГ НЬ БОЛСОН

НАМААР БАМБАЙЛСАН БИЗНЕСИЙН ЭРИН ДУУСАХ ЦАГ НЬ БОЛСОН

Анх бизнесийнхэн улс төрд шургалж байхад олон нийт "гэрээ зассан хүн төрөө засах гэж байна" гэж хардаг байлаа. Гэтэл цаг хугацааны явцад энэ бүхэн үнэний шалгуурт бүдэрсэн. Үнэндээ өнгөрсөн улс төрийн түүхийг сөхвөл улс төрөөс гадуурх бизнесийг дарамтлах, дээрэмдэх, бизнесийг нь булаах явдал гэм биш бараг хэвийн үзэгдэл болсон. Түүнээс айж бэргэсэн бизнесийнхэн хувийн бизнесээ хамгаалахын тулд ёстой л хуу хуугаараа улс төрд шавцгааж байв.

Харин эднээс арай өөр арга барилтай нэг хэсэг нөхөд төрөөс хөлжих гэж улс төрд хайр зарлаж, намаараа бамбайлан түрийвчээ түнтийлгэсэн.

Тэд улс төрд байснаараа бизнесээ улам өргөжүүлж, төрөөс хөнгөлөлттэй зээл авч, өөрийнхөө бизнест өрсөлдөгчгүй монополь байдлыг тогтоож ирэв.

Түүний нэг сонгодог жишээ нь гэвэл Драгоны С.Баярт гэгч эрхэм. Бүх насаараа СХД-ийн МАН-д тэргүүлэх эгнээнд байж, намын гишүүдээ баар савандаа хоол унданд оруулж, архи дарсаар үйлчлэх нийтлэг үйлчилгээг хариуцаж ирсэн. Харин үүнийхээ шанд Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хүртэл хамрагдаж, 20 гаруй жилийн турш Зорчигч үйлчилгээний төвийн үйлчилгээг Драгон төв дээрээ уяж хөөрхөн хөлжөөд авсан түүх түүнийх. Харин өнөөдөр тэр өөрийнхөө намын хаялгад дулдуйдаж өдий хүрсэн бизнесээ алдахгүйн тулд овоо нэхэл дагуул болж байгаа харагдана.

Уг нь эрүүл нийгэмд бол Драгон оршин тогтнох, төрийн үйлчилгээ тэндээс нүүх үлдэх эсэх асуудлыг намын хамгаалалт биш харин үйлчилгээний соёл, ая тух, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ нь шийддэг байх учиртай. Гэтэл бараг зогсоол байхгүй, дээр нь барилгын ажил явагдаж хүний эрүүл мэнд амь насанд эрсдэлтэй нөхцөл үүссэн бохир аюултай орчноо өмгөөлөн хаацайлж сошиалаар үхэн хатан үхэр буугаа тавьж буй нь ичгүүртэй үйлдэл.

Ардчилсан нийгэмд, хүний эрхийг дээдэлдэг улс оронд хувийн монополь тогтоосон нэг айлын эрх ашгаас илүү нийтийн эрх ашиг илүү чухал байлтай.

Дахин хэлэхэд 1.5 сая хүнтэй их хотод хаа ч нийтийн эрх ашиг нэгдүгээрт тавигдах ёстой. Асуудалд субьектив хандах тусам сэдэв хазайж, нийтийн, нийгмийн эрх ашиг дунд нь бүдгэрч орхигддог гэмтэй. Мэдээж хэрэг Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв Драгон дээр байснаасаа хавь илүү болсныг түүгээр үйлчлүүлсэн олон нийт хэлж сайшаасаар байгаа. Гэхдээ энэ асуудал нийгмийн, нийтийн эрх ашиг хөндөгдсөн аливаа асуудлаар шийдвэр гаргахдаа эхлээд иргэдээсээ асууж, тэднийг сонсож байж шийд гаргах соёлд суралцахыг төр болон улс төрчдөөс шаардаж буйн нэгэн сургамж болон үлдлээ. Бас амин хувийн эрх ашгаа бодсон хувиа хичээгчид хувийн хэвшил, нийт олны нэрийг барьж хүний хайлан хохирогчийн дүрд тоглон Драгоны тайзан дээр чадварлаг жүжихийг бултаараа харцгаалаа.

Эцсийн эцэст бид улс орон юм бол урагшаа харж л хөгжих ёстой. Түүнээс бус урьд нь яаж ийгээд болдог л байсан юм, үүнийг өөрчлөөд яах юм гэсэн өнцөгөөс хандаад байвал түгжээндээ түгжирч, балчигтаа шигдэж бууриндаа л үлдэнэ.

Б.Содном

Амлалт.мн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)