"Төрийн захиалгат ажлыг хийсэн компаниуд өр зээлийн дарамтанд орж, дампуурч байна"
Өнөөдөр /2023.09.05/ Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа барилгын компаниудын төлөөлөл мэдээлэл хийж Эрүүл мэндийн яам, Соёлын яам, Биеийн тамир спортын хорооны захиалгат ажлуудад нэн яаралтай магадлал хийхийг шаардлаа.
Энэ үеэр Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Цэндхүү “Барилгын салбарт 2021 оноос үүссэн хүндрэл, түүнийг даван туулахад Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг хэр байсныг эргэж харахад хаа сайгүй баригдсан дутуу барилгууд, халширч дампуурсан хэдэн захирлууд, хаалга барих дээрээ тулсан хэдэн зуун компаниуд байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эмнэлэг, сургууль, цэцэрлэг, спорт цогцолбор барьж байгаа компаниудын төсөвт өртөг нь хүрэлцэхгүйн улмаас царцсан барилгуудын асуудал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байна.
Нэг хэв маягийн зургаар баригдаж байгаа хоёр төсөл ажил 2 өөр төсөвт өртөгтэй байна. Жишээ нь:Нэг маягийн зургаар, нэг аймагт хийгдэж байгаа хоёр ажил зөвхөн ганц сайдын тушаалын зөрүүтэй заалтаас болж 600 сая төгрөгийн алдагдалд орж байна. Төрийн бодлого хэзээ ч улсын төсвийн мөнгийг бүрдүүлдэг олон мянган аж ахуйн нэгжүүдээ ялгаварлан хандаж болохгүй.
Улсын их хурал, Засгийн газарт аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалж олон мянган иргэдийг ажил орлоготой нь эдийн засгийн хүнд үед авч үлдэх бодлого, сонирхол байдаггүй юм байна гэж үзэж байна. Гэтэл энэ хугацаанд ЖДҮ, Хөгжлийн банкны хулгай, Нүүрсний хулгай гарч эрх мэдэлтнүүд эх орноо тонон дээрэмдсээр байна. Харин бид хөлс хүчээ шавхан төрийн захиалгат ажил хийгээд өндөр хүүтэй өр зээлийн дарамтанд орж, дампуурч, төрд итгэх итгэлгүй болж байна.
Засгийн газрын 2023 оны 8-р сарын 9-ны өдрийн “Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 290-р тогтоолын хүрээнд зөвхөн боловсролын яамны захиалгатай ажлуудыг магадлах тухай шийдвэр гаргасан нь шударга бус бөгөөд бусад яамдын хөрөнгө оруулалтын ажлуудыг мөн адил хамруулахыг шаардаж байна.
Мөн тухайн тушаалд үлдэгдэл ажлыг магадлахыг холбогдох сайдад үүрэг болгосныг эсэргүүцэж байна. УИХ-ын 2022 оны 11-р сарын 12-ны өдрийн 88-р тогтоолын хэрэгжилтийн явцдах гажуудлыг засаж 2021 оны 01-р сарын 01-ны өдрөөс хойших ажлуудыг магадалж өгөхийг шаардаж байна”гэв.