Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Плов хийж, попордог сайдаасаа хариуцлага нэхье, зүтгэл нэхье. Эс бөгөөс хагацъя

Плов хийж, попордог сайдаасаа хариуцлага нэхье, зүтгэл нэхье. Эс бөгөөс хагацъя

Боловсролын салбар балчиг, намагт шигдээд удлаа. Болох, болохгүй асуудлууд ар араасаа ундраастай. Салбарын сайд нь хүртэл утга учиргүй попроостой. Олны хэл аманд өртөөстэй. Овоохон дэвшилтэй байна даа гээд сайшаах ямххан шалтгаан ч энэ салбарт алга л...

Саяхан Л.Энх-Амгалантан олон нийтэд мэдээлэл хийж байх үеэрээ “Багш нарын дундаж цалин 2.5 саяд хүрсэн” гээд “бор шувуу” нисгэчихэж. Түүнийг нь өлгөж аваад, нийгэм даяараа л шуугиж, шүүмжилж байна. Боловсролын салбарт олон жил ажилласан багш нар хүртэл үзэл бодлоо илэрхийлж, “Сайд маань арай л тэнгэрийн юм ярьчихлаа даа” хэмээн эгдүүцэж байна.

Бодит байдал дээр өнөөдөр 2.5 сая төгрөгийн цалин авч байгаа багш нар тун ховор. Хувийн сургуулиудад л бий байх. Тэрнээс улсын сургуульд “тийм хайр” байхгүй. Байлаа ч тийм тавиланг хүн бүр эдлэхгүй. Гэтэл салбарын сайд нь бүх багш нар ийм боломж эдлэж буй мэтээр яриад л сууж байдаг.

Судалгаа, шинжилгээ, ул суурьтайгаар асуудалд хандаж, хөрсөн дээрээ бууж ажиллламаар юм. Эс бөгөөс чаддаг, мэддэг нэгэнд нь зайгаа тавиад өгмөөр л. Өчигдөрхөн бас цахимд нэгэн сэдэв дуулиан дэгдээж байна.

Баянзүрх дүүрэгт орших Нийслэлийн 21-р сургуулийн бага ангийн сурагчид хичээллэх ангигүйн улмаас подволд “багширалдаж” байх. Эрүүл, ая тухтай орчин тэнд юу ч алга. Эрхгүй л нэг нар, салхи хаах дөрвөн хана л үзэгдэнэ.

Манай эрх баригчид 2020 онд сайхан сайхан амласан. 200 сургууль барьж, улсын хэмжээнд байгаа нийт сургуулиудын 80 хувийг нэг ээлжээр хичээллэдэг болгоно гэсэн. Гэтэл түүнээс хойш гурван он өнгөрч, дараагийн сонгууль хаяанд ирчихээд байхад бүтээж, өөрчилж гавьсан зүйл алга. Бүр дордсон нь л харин их мэт.

Сүүлдээ бүр нэг ээлжээр хичээллэдэг болгоно гэсэн амлалтаа хүчээр биелүүлэхээр улайраад, нэг ангид 40-50, 60-70 хүүхэд “чихэж” байна гэнэ. Үүнээс нь улбаалж анги, танхимын багтаамжийн асуудал үүсч, арга тасарсан зарим нь подволд сууцгааж байна. Инээдэм, эмгэнэл.

Тайлбар байхгүй.

Одоо манай боловсролын салбарт дорвитой шинэчлэл хэрэгтэй. Энэ нь ч олон жишээгээр нотлогдож, харагдаж байна. Боловсролын салбартаа үнэмлэхүй хүч зарсан улс л дэлхийн хөгжилд өнгөлдөг хуультай. Тиймээс тэр талын бодлого, тактикаа эрчимжүүлье.

Юун түрүүнд плов хийж, попордог сайдаасаа хариуцлага нэхье, зүтгэл нэхье. Эс бөгөөс хагацъя...

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)