Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Б.Болороо дөчин их наядын хулгайчийг нэхэж, Ж.Баясгалан баялагийн санг байгуулахыг манлайлаасай!

Б.Болороо дөчин их наядын хулгайчийг нэхэж, Ж.Баясгалан баялагийн санг байгуулахыг манлайлаасай!

Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн пропорцианоль жагсаалтад нэр дэвшүүлэх эрхийн эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг дэвшүүлнэ гээд орон даяар зарлачихлаа.

Эрх баригч байх нь эрхийг хангахаас л эхэлнэ л дээ. Зөв байна. Огтын буруугүй. Ард түмний зүгээс Хөдөлмөрийн яаманд ажилладаг, хүний эрхийн тэмцэгч Б.Болороог шууд л эчнээгээр нэр дэвшүүллээ. Харин Б.Болороо хариу мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Хариуцлагатайгаар хэлье. Би нэр дэвшихгүй, жагсаалтад орохгүй. Ер нь тухайн хүн өөрөө байр сууриа албан ёсоор илэрхийлээгүй байхад дураараа таамаг дэвшүүлж байна гээд хүний нэр төр, эрхэм чанарт халдахгүй байх соёлд суралцмаар байна шүү. Би дөрвөн жилийн өмнө ч хэлж байсан. Би өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөгдөж, боловсрохыг илүүд үздэг хүн” гэжээ. Ухаантай бүсгүй юм. Ер нь ширхэгтэй эмэгтэй нь ойлгогддог.

Тухайн хүн өөрөө илэрхийлээгүй байхад, нэр төр, эрхэм чанарт халдахгүй байх соёлд суралцмаар байна гэж. Маш гоё итгэл үнэмшил. Нэр төр, эрхэм чанар гэдэг ийм үнэ цэнтэй гэдгийг энэ бүсгүй тов тод хэлж байна. Гэтэл манай УИХ-ын гишүүд ямар билээ, тэдний тухай өдөр бүр хөгийн, сувдаг, итгэл үнэмшил, хүндлэлгүй болсоны илэрхийлэлт мэдээ өдөр шөнөгүй цувж байна. Ийм л байгаа. Б.Болороо хэдийгээр өөрөө улс төрд орохгүй гэж байгаа ч Б.Болороо шиг итгэл үнэмшилтэй, ариун олон хүн улс төрд ороосой. Тэд бол хөгжлийн бэрхшээлээс үүдээд, монгол хүний амьдралд, энэ нийгэмд шударга бус, ариун бус олон зүйл байгааг бүрэн мэдэж ухаарсан, танисан хүмүүс.

Тэд бол харин ч нэг шударга үнэнийг илэрхийлэгч, ард түмний төлөө зүтгэгч байж чадах байх. Ж.Баясгалан гэдэг жүжигчин бий. УИХ-д нэр дэвшиж байсан. Амьдралын төлөө тэмцэн зүтгэж байгаа тэр хүнийг, улс төрийн үзэл санааг нь хүндэтгээд Ардчилсан нам дахин нэр дэвшүүлэх нь ононо.

Энэ бол Л.Оюун-Эрдэнийн, Л.Гантөмөрийн, С.Баярцогтын, Т.Доржхандын хэрэг биш, ард түмний итгэл үнэмшлээс үүдсэн агуулга. Иймэрхүү ариун тэмцэлт, зүтгэгч хүмүүсийг гурав, түүнээс дээш УИХ-д суусан олигархи бэртэгчингүүдийн оронд сонгох нь зүйд нийцнэ.

Тэд бол нүүрсний дөчин их наядын хулгайтай тэмцэж чадна, тендер концесс, ждү, боловсролын сан, Хөгжлийн банк тоногсодоос хамаагүй эрүүл ажиллана, эрх ашгийг ард түмэнд зориулж чадна.

Яагаад гэвэл тэд нийгмийн баялагийг ард түмэн тэгш хүртэх, тэгш оролцоотой байхын агуулгыг бүрэн ухамсарласан улс. Яс махаараа мэдэрсэн хүмүүс. Б.Болороо, өнөөдөр улс төрчдөөс дөчин дөрвөн их наядын хулгайчийг олохыг нэхээсэй. Ж.Баясгалан хавтгайрсан халамжийг зорилтот хэсэгт зарцуулж, баялагийн санг байгуулахын төлөө тэмцээсэй, зүтгээсэй.

Дорнодоос саяхан Д.Батхуяг гэдэг иргэн 670 км-ыг тэргэнцэртэйгээ туулаад ирсэн. Энэ иргэн ерөөсөө л нийгмийн шударга ёсны төлөө тэмцэн, шуугаа цууртал дугуй алгадаж ирсэн. Энэ бол баатар. Тэмцэгч мөн.

Эдний дэргэд нийгмийн баялагийг хуу хамсан олигархи, улсдаа станц барьдаггүй сайдууд юу юм бэ, юу ч биш байгаа биз дээ. Иргэний нийгмийн байгууллагууд тэмцсээр эрх зүйн хувьд эмэгтэйчүүдийг УИХ-д олон оруулахаар хуульчлуулсан.

“Бүтэн бүлээн” тэргүүт иргэний нийгмийн байгууллагууд шийдвэр гаргах түвшинд эрэгтэй эмэгтэй хүйсийн эрэмбэ 83/17 харьцаатай байгааг нийгэмд цочтол нөлөөлөл явуулж, хуулийг өөрчилүүлж чадсан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл УИХ-д огт байхгүй байгаа. Одоо эдгээр иргэдээсээ илүү их оруулах хэрэгтэй, хууль тогтооход.

Наян гурвыг эзэгнэгсэд л нам засгийн дээр сууж, бүх ард түмний баялагийг тонон дээрэмдэж байгаагийн илэрхийлэл нь дөчин их наядын нүүрсний хулгай. Нотолгоо нь эдүгээ хүртэл хулгайч нь илрэхгүй байгаа явдал. Илрэхгүй ч гэж дээ илрүүлэхгүй байх сонирхол улс төр, шүүхийн тодорхой хүрээлэл дунд байх шиг...

Эх сурвалж: Amlalt.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)