“Тэгш, сондгой” хувилбар тэр чигтээ үргэлжлэх вий дээ...
Өнгөрөгч сарын 26-наас автомашинуудыг дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн. Хичээл сургуулийн бэлтгэл базаах, сурагч оюутны сургалт эхлэхтэй холбогдуулан 20 хоногийн турш ийм аргаар түгжрэлийг сааруулах болсон тухай албаны хүмүүс мэдээлсэн.
Мэдээжийн хэрэг нийт машины 50 хувь нь явахгүй байгаа учир түгжрэл багасах эерэг үр дүн гарах нь тодорхой. Эл өдрүүдэд түгжрэл мэдэгдэхүйцээр буурч, иргэдийн стресс, бухимдал ч бага боловч буурч байгаа. Гэхдээ энэ нь төгс шийдэл биш. Түр зуурын аргацаалт. Унаа машинаараа ажлаа зохицуулдаг хүмүүс 7 хоногт 3-4 удаа л машинаа унах боломжтой болж байгаа. Түгжрэлийн сайдын тэгш, сондгойгоор хязгаарлах хоригийн үйлчлэх хугацаа энэ сарын 15-наар эцэс болно.
Хүмүүс 9 сарын 16-наас эхлэн зам дээр машинтайгаа гарч нийслэлийн хэмжээнд бараг 0 зогсолт үүснэ. Эргээд л нийслэлчүүд “толгойны өвчин” болсон түгжрэлтэйгээ нүүр тулна..
Зам дээрээ түгжирч, хамаг цагаа алдана, халаглана, шогширно, бухимдана. Улмаар тэгш, сондгойгоор хязгаарлах нь ч бараг зөв шийдэл байсан юм биш үү гэж зарим хүн санал гаргана. Олон нийтийг уриална. Тэр мөчийг хүлээж байсан мэт сайд дарга нар өлгөж аваад сэвнэ, “иргэд дэмжиж байна” гэх нэрийдлээр цаашид автомашины дугаарын ТЭГШ, СОНДГОЙ хувилбараа дахин хэсэг хугацаанд үргэлжлүүлнэ гэсэн шийдвэр гаргана.
Манай дарга, сайдууд шүүмжлэл, үгүйсгэлд дургүй. Ямар ч цаг үед иргэд дэмжлээ, олон нийт сайшаан хүлээж авлаа гээд асуудлыг шийдэх нь л элбэг. Тийм ч учраас дээр хэлсэнчлэн өчүүхэн сиймхийг ч алдахгүй “олон нийт ТЭГШ, СОНДГОЙг нь сайшааж байна” хэмээн “өлгөж аваад” түрээд зүтгүүлнэ байх.
Хотын мээр нэгэнтээ нийслэлийн түжрэлийг 50 хувь бууруулна гээд ам гарчихсан. Бодит байдлаас харахад тийм боломж тун хомс. Урт удаан хугацаа, төгс бодлого шаардагдана. Сонгуулиас өмнө 50 хувь бууруулах хамгийн хялбар, ганц арга нь ТЭГШ, СОНДГОЙ л байгаа. Тиймээс тийн аргацаагаад ч болов хэлсэндээ хүрдэг “баатар” болохыг эрэмэлзэх болов уу ч гэж таамаг дэвшүүлэх үндэс байна.
Ямартай ч ТЭГШ, СОНДГОЙгоор хязгаарлах шийдвэрийн үйлчлэх хугацаа мөдхөн дуусах нь. Эл шийдвэр тэр чигтээ “үргэлжлэхгүй” байгаасай л гэж найдъя...
Д.Сүрэн
Sanuulga.mn
Niitiin teevreer yavna saihan bn
машинаараа явмаар байна аа.