“Хятад орныг танин мэдэх“ Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатар хотод зохиогдож байна
БНХАУ-ын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тодруулбал энэ сарын 30 өдрөөс 9 дүгээр сарын 4-ний хооронд Улаанбаатар хотноо "Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын соёлын өдрүүд болно.
Энэхүү соёлын өдрийн нээлт өчигдөр соёлын төв өргөөнд боллоо. Нээлтэд зориулан "Зэвсгийн эрдэм, Шаолинь Үшүгийн тусгай тоглолтыг зохион байгуулсан юм. Энэхүү тоглолтыг хоёр удаа тоглуулахаар бэлтгэсэн буюу өнөөдөр дахин соёлын төв өргөөнөө тоглогдох аж. Энэхүү тусгай үзүүлбэрээс БНХАУ-ын онцлогийг харуулдаг Шаолинь Үшүгийн урлагийн тухай ойлголтыг авахаас гадна, энэхүү өв уламжлалын талаар танин мэдэх боломжийг олгох юм.
Мөн соёлын өдрүүдийн үйл ажиллагааны хүрээнд Өвөр Монголын уламжлалт эмнэлгийн эмч нар үзлэг, эмчилгээг хийхээр ирсэн байна. Тухайлбал өнөөдөр Хоёрдугаар төв эмнэлэгт, 9 дүгээр сарын 1-ний өдөр Налайх дүүрэгт энэхүү үзлэг, эмчилгээг үнэ төлбөргүй хийхээр болжээ. Энэ үед иргэд эмч нарт үзүүлж, оношлуулах, эмчилгээ, зөвлөгөө авах боломжтой юм.
Соёлын өдрүүдийн үйл ажиллагааны хүрээнд кино өдөрлөг, олон ангит киног хүлээлгэн өгөх болно. Мөн дууны уралдааны гала тоглолтыг зохион байгуулна.