"Багшаар сурах оюутны босго оноо 500 бол төрөөс 100 хувь дэмжинэ"
БШУЯ-нд "2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл" сэдвээр холбогдох бүх газар, хэлтсийн дарга нар мэдээлэл өгч байна. Ерөнхий сайд "Багшаар сурах оюутныг төрөөс 100 хувь даах болсон" талаар мэдээлсэн билээ. Энэ талаар салбарын удирдлага дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир:
Багш мэргэжлээр сурах оюутны төлбөрийг хөнгөлөх болсныг сошиал орчинд их бичиж байна. Мэдээж тэдэнд өндөр шалгуур тавина. Багшийн ангид элсэх босго оноог нэмэгдүүлэх шаардлагатай.
Тэтгэлэгтэй сурах оюутанд буюу дуу, хөгжим, урлагийн авьяас шаардахаас бусад элсэгчдэд 500 оноог шаардаж, чанартай боловсон хүчин бэлтгэж чадна. Төрөөс төлбөрийг төлөх тохиолдолд голч оноог харгалзан цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийднэ. Төрийн мөнгөөр сураад багшаараа ажиллах шаардлагыг тавина. Багш мэргэжлийн хөтөлбөртэй 31 их, дээд сургууль бий.