"Сурагчдын нүсэр дүрэмт хувцсыг сольж, өнгө зааж өгөөд сонголтыг эцэг, эхчүүдэд үлдээх хэрэгтэй"
Сургуулийн сурагчдын дүрэм хувцсыг өөрчлөх саналыг Хөдөлмөрийн үндэсний намаас дэвшүүлж, мэдээлэл хийлээ.
Тус намын удирдах зөвлөлийн гишүүн Ц.Алтансор “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын заавал өмсөх дүрэмт хувцасны стандарт 2013 оноос хойш өөрчлөгдөөгүй. Дүрэмт хувцас нь өмссөнөөр нэгнээ ялгаварлан гадуурхахгүй байх үндсэн зорилготой. Гэтэл энэ хувцас хүүхдийн эрүүл ахуй, биеийн өсөлт хөгжилт, эдийн засгийн хувьд үр дүнтэй байж чадаж буй эсэх асуудал олон нийтийн дунд сөхөгдөөд байна.
Дүрэмт хувцас хүүхдийн биед саад учруулахгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой. Гэтэл 10 жилийн өмнө баталсан стандарттай энэ хувцас одоо шаардлага хангахгүй болсныг иргэд хэлж, жил бүрийн намар энэ асуудлыг ярьж байгаа.
Инфляц өндөр болсон энэ үед дунджаар нэг дүрэмт хувцсыг 100-250 мянган төгрөгөөр худалдан авч байна. Дөрвөн хүүхэдтэй айл 1 сая гаруй төгрөгөөр дүрэмт хувцас авч өгөх санхүүгийн дарамтад өртөх болсон. Олон улсад сургуулийн дүрэмт хувцсыг хэрхэн зохицуулдаг вэ гэхээр зөвхөн өнгө зааж өгдөг. Ингээд иргэд санхүүгийн чадвартаа нийцүүлээд худалдаж авах боломжийг олгодог” гэлээ.
ХҮН-ын удирдах зөвлөлийн гишүүн П.Наранбаяр “Нэгдүгээрт, сонголттой байх боломжийг олгох хэрэгтэй. Бага насны хүүхдийн хөдөлгөөнд саад болохгүй хувцсаар өнгө ижилсүүлээд эцэг, эх багш нарын оролцоотой сургуулийн зөвлөлөөр сонголт хийх боломжийг олгоосой гээд холбогдох эрх бүхий байгууллагуудад бид хандаж байна.
Бүгд поло цамц өмсөнө, бүгд дүрэмт хувцаснаас татгалзана гэсэн үг биш. Сонголтыг эцэг эхчүүдэд өгөөсэй л гэж байгаа юм. Өнөөдөр өмсөж буй пиджак хүүхдийн хөдөлгөөнийг маш их хорьж байдаг. Сургууль болгон хүүхдийн хөдөлгөөнд саад болдоггүй нүсэр биш төсөр дүрэмт хувцас өмсүүлээсэй. Улсын хэмжээнд тогтоосон хатуу стандартаа эргэж хараасай гэдэг саналыг дэвшүүлж байна” гэв.
Эх сурвалж: Gogo.mn