Пап Францисийн айлчлал тухайн улсад 400-500 сая ам.долларын орлого оруулдаг
Энэ сарын 31-ээс есдүгээр сарын 4-ний өдөр хүртэл Монгол Улсад айлчлах Пап Францисийг даган гаднын 20 гаруй хэвлэлийн 150 ажилтан ирнэ. Мөн түүний хийх мөргөлд оролцохоор 3500 гаруй хүн бүртгүүлсэн байгаа аж.
Дэлхийд 1.3 тэрбум католик шашинтан байдгаас манай улсад 1300 шашинтан байна. Хэдэн зууны турш Католик сүмийн тэргүүн буюу Папыг эрэгтэй сүсэгтнүүдээс сонгож ирсэн уламжлалтай. Тэгвэл Өмнөд Америкаас анх удаа тэргүүнээр сонгогдсон Пап Францис гэж хэн бэ?
Тэрбээр 1936 оны арванхоёрдугаар сарын 17-нд мэндэлсэн бөгөөд өдгөө 86 настай. Аргентин улсад, Италийн цагаач гэр бүлд төрсөн түүнийг 2013 онд Папаар сонгосон. Тэрбээр XII зуунд амьдарч байсан Ассисийн Гэгээн Францисийг дурсан нэрийг нь авчээ.
Уламжлал ёсоор өмнөх Пап лам нас барсны дараа шинэ Папыг сонгодог. Харин Францисийн өмнөх Пап католик шашны 600 жилийн түүхэнд анх удаа ажлаа хүлээлгэн өгснөөр Пап Францисийг сонгосон аж. Тэрбээр Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн болон Католик шашны сүмийн тэргүүн хэмээх хоёр албан тушаал хашиж байна.
Пап Францис химийн техникч мэргэжлээр төгссөн ч санваартны амьдралыг сонгохоор шийдэн, 1958 онд Есүсийн нийгэмлэгт элсжээ. Тус нийгэмлэгт элсэгчид хоёр жилийн турш залбирал, мөргөл үйлдэхэд суралцдаг аж.
Дараа нь Чили улсад хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж төгсөөд 1963 онд Аргентинд буцаж ирэн философич мэргэжил эзэмшжээ. 1964-1965 онд Санта-Фе дахь коллежид уран зохиол, сэтгэл судлалын хичээл зааж байв.
Тэрбээр 1969 онд Католик шашны ламаар томилогдсон бөгөөд 1998 оноос 2013 онд Пап ламаар сонгогдох хүртлээ Буэнос-Айресын хамба байжээ. Тэрбээр Америк тивээс сонгогдсон, Европ гаралгүй анхны Пап болсон юм.
Пап Францисийн Бразил дахь айлчлал.Пап Францис 2013 онд сүмийн тэргүүний албан тушаалыг авмагцаа хамгийн анхны олон улс дахь айлчлалаа Бразил улсад хийсэн. Түүний уулзалтад оролцохоор гурван сая гаруй хүн ирсэн аж.
Тэрбээр буцах замдаа New York Times-д “Ижил хүйстэн хүн сайн санаатай, бурхныг хайж л байгаа бол би түүнийг шүүх эрхгүй” хэмээн хэлсэн нь католик шашин шүтдэг олон ижил хүйстэн хүнд эерэг сэтгэгдэл түгээж байв.
Тэрбээр энгийн, даруу байдлаараа олонд танигдсан. Тухайлбал өмнөх Папуудын амьдардаг байсан тансаг пентхаусаас татгалзаж, өөрийн жижиг орон сууцандаа амьдрахаар шийджээ.
Мөн нийтийн тээврээр зорчиж, ард иргэдийн хөлийг нь угааж өгөх зэрэг ажлууд хийдэг гэнэ. Түүнийг сонгогдсоноос дөрвөн жилийн дараа судалгаа явуулахад нэр хүндийн үзүүлэлт нь өндөр гарсан аж.
Тэрбээр сүүлийн 30 гаруй жилд Африкийн орон руу айлчилсан анхны Пап болсон. Пап Францис жилд 3-4 удаа төрийн айлчлал хийдэг бөгөөд 60 орчим улс руу айлчилсан байна.
Түүнийг олон улсад айлчлах бүрд ердөө барааг нь л харах гэсэн олон мянган сүсэгтэн дагаж тухайн улсыг зорьдог гэнэ. Тус жуулчид очсон улсдаа дунджаар 400-500 сая ам.долларын орлого оруулаад буцдаг гэх судалгаа бий.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 1300 католик шашинтай Монгол Улсад ирж буй Пап Францисын айлчлал дэлхий дахины анхаарлын төвд байна. Мөн айлчлалын үр дүнд манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Gogo.mn