Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Төр биднээр “даажигнаж” байна, түмэн олон нь харин хэрхэх...

Төр биднээр “даажигнаж” байна, түмэн олон нь харин хэрхэх...

Хууль сахиулах байгуулагын 35 офицерийн хуримыг төр дааж хийсэн явдал нийгэмд асар том хэлэлцүүлэг өрнүүлж байна. Шүүмжлэн, элдэвлэх нь байхад магтан, сайшааж, “төрийн минь буян их ээ” гээд алга хавсарч, айхтар саймшрах хэсэг ч байна. Хуримаа хийж буй залууст буруу байхгүй. Амьдралынхаа нэгэн аз жаргалтай мөчийг бүтээж буй тэднийг буруутгах эрх хэнд ч үгүй. Асуудлын гол нь арай өөр зүйлд бий. Анзаарагсад нь шүүмжлэлт үгс дайж, тэр нь нийгмийг талцуулж, мөнхүү тийн хэрээрээ олонд адлагдаж, овоохон шуугиан үүтгэж буй хэрэг л дээ...

Энэ олон залуусын хуримыг нэг дор, нэжгэр хийж, гавьяатны автор дээр төр нэрээ тод томруунаар дархалсан явдлыг учир мэдэх хүмүүс ухаалаг пиар байлаа хэмээн шогширч байна. Төрийн төлөө үнэнчээр зүтгэгсдэд төр ивээлээ гамгүй хайрлана. Бүр хүндэт харуул жагсааж, хүндэтгэлийн цуваагаар зорчуулж, төв талбайг ч чинийй төлөөнөө чөлөөлөхөд бэлэн гэх агуулгатай зурвасыг түмний оюунд шигтгэхийг зорьсон гэх, үгүйсгэмгүй. Төр ийн массын үзэл бодлыг хэсэг хэсгээр хайрцаглан нэгэн хэв загварт цутгаж, түүнийхээ шимээр ард түмнийг номой хүлцэнгүй байлган, хүчирхийлэл, дарангуйлал, авлигыг цэцэглүүлсэн жишээ хүн төрөлхтний түүхэнд тоймгүй. Өдгөө бид ч тэр бурангуйн золиос болох гэж байгаа юм биш биз. Улмаар нийгмийн зарим хэсгийн санагалзаж, эргэн очихоор тэмүүлээд байгаа социализм руугаа нэгэн алхмаар ухрах гээд байгаа юм биш биз. Бүр хүмүүсийн хайр сэтгэлийн асуудалд төр оролцож, хуримыг нь компаничилж, жудагтны дүр эсгэнэ гэх. Хүлээн зөвшөөрөмгүй л үйл мэт...Сайтар цэгнүүштэй, тийн хэрээр шүүмжлэгсдийн үгсийг ч ухууштай л.

Нөгөөтэйгүүр басхүү төрийн төлөө хууль сахиулах байгууллагад ажиллаж буй залуус, тэдний гэр бүл хуримыг нь хийж өгсөн, баярт мөчийг нь давтагдашгүй болгосны төлөөнөө “ивээгчдээ” насан туршдаа өртэй болж үлдэж байгаа юм. Ингэж залуусыг сэтгэлийн өрөнд оруулж, хүн чанар, оюун санаагаар нь дөмөгхөн хазаарлачихаж байгаа юм. Няцах, буцах, албанаасаа татгалзах эрх тэдэнд үгүй, аа бас заримд нь хүсэл ч үгүй болсон биз. Төр залуусдаа гамгүйгээр ачаа үзүүлсний утга нь л ийм.

Тиймээс бүгдээр ухаалгаар сэтгэж, өчигдрийн хуримын асуудалд ул суурьтайгаар хандъя. Төр биднээр “даажигнаж” байна. Түмэн олон нь харин хэрхэх...

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

 .   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 4 Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 1 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)